Тайлан, мэдээлэлд байх шаардлагатай мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт Цаас гаргагчийн хугацаат тайлагнал болон тухай бүр мэдээлэх мэдээллийн агуулга, хэлбэр” журмын 1.1. “Хороо, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь энэ журамд заасан мэдээллийг доорх зааварт заасан маягтын дагуу бэлтгэж, Хороонд ирүүлэх бөгөөд тухайн мэдээллийг өөрийн болон арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ” гэж заасан ба нийт 9 төрлийн цогц мэдээллээс бүрдэж зохицуулагч байгууллагад тайлагнаж, ил болгохоор заасан байна. Үүнд:
1. Үнэт цаас гаргагчийн тайлант хугацааны санхүүгийн мэдээлэл
2. Үнэт цаас гаргагчийн гүйцэтгэх удирдлагаас гаргах тайлангийн мэдээлэл
3. Сонирхлын зөрчилтэй хэлцлийн мэдээлэл
4. Цалин урамшууллын мэдээлэл
5. Компанийн засаглалтай холбоотой мэдээлэл
6. Зах зээлийн эрсдэлийн мэдээлэл
7. Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
8. Ногдол ашгийн мэдээлэл
9. Нийгмийн хариуцлага
Монгол улсын эрх зүйн зохицуулалтаар хувьцаат компанийн нийтэд мэдээлэх, ил болгох мэдээллийг төрийн зохицуулагч байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хороо хүлээн авч, Бирж бүртгэлтэй компанийн тайлан мэдээллийг шаардаж гаргуулах, олон нийтэд мэдээлэх ажиллагааг зохицуулж байна. Тайлан цаасан хэлбэрээр хүргүүлэх нэгдсэн хэлбэртэй ба давхар цахим хэлбэрээр илгээх боломжтой ч хүлээн авах цахим хэлбэр нь имэйл буюу тогтсон систем байхгүй юм.