Дэлхийн банкнаас 2024 оны статистикийн гүйцэтгэлийн индексийг олон нийтэд ил болгожээ. Энэ нь улс орнуудын статистикийн чадавхыг харуулдаг бөгөөд манай улс мөн үеэс 5 байр ахиж, 47-д ороод байна.
🤔 Индексийн тухайд: Тус индексээр дамжуулан хөгжлийн чиг хандлагыг цогц байдлаар харах боломжтой ба улс орнуудыг дата ашиглалт, дата үйлчилгээ, статистикийн бүтээгдэхүүн, эх сурвалж, дата дэд бүтэц гэсэн 5 гол хэмжүүрээр үнэлдэг. Ингэхдээ 0-100 хүртэл оноогоор хэмждэг аж.
🌐 Тойм зураглал
Өнгөрсөн жилийн статистикийн гүйцэтгэлийн индексийг 94.1 оноогоор Норвег өнгөлж, удаах байрыг 92.7 оноотой Швед эзэлжээ. Эдгээр орнууд нь 2023 оноос тус бүр 3 байр урагшлаад байна. Харин эсрэгээрээ, жагсаалтын хамгийн сүүлд 27.1 оноотой Өмнөд Судан, 29.7 оноотой Туркменистан нар бичигджээ.
🔎 Онооны ач холбогдол: Статистикийн чадавх өндөр байх нь мэдээллийн ил тод байдал, хөрөнгө оруулалтын найдвартай орчныг илэрхийлэх бөгөөд бодлого боловсруулагчдын хувьд үүнд үндэслэн илүү нарийвчилсан, үр дүнтэй шийдвэр гаргадаг.
🇲🇳 Дундаас дээгүүр
Статистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол 83.7 оноо авсан нь дэлхийн дунджаас 14.4 оноогоор өндөр үзүүлэлт байв. Гол 5 хэмжүүрээс дата үйлчилгээгээр 96.3 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол хамгийн сул үзүүлэлт нь 70 оноотой дата дэд бүтэц байсан аж. Сонирхуулахад, Монголын гүйцэтгэлийн индексийн оноо Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дунджаас 17.1, дундаас дээш орлоготой орнуудаас 14.8 оноогоор илүү оноо авчээ.
Эцэст нь… Монголын статистикийн чадавх бүс нутаг хийгээд дундаас дээш орлоготой орнуудтай харьцуулахад өрсөлдөхүйц түвшинд явж байна. За тэгээд үндсэн 5 үзүүлэлтүүдээ тогтвортой сайжруулж чадвал 2016 оны дэлхийд 36-д жагсаж байсан амжилтаа дахин давтах боломж ойрхон биз ээ.✌🏻