
Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн хоёр жил хамгийн хурдан өсөж буй бүтээгдэхүүн бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) юм. 2021 онд олон нийтэд санал болгосон анхны ХБҮЦ ердөө 4 тэрбум төгрөг байжээ. Харин сүүлийн жилүүдэд гурван биржээр нийт 589.4 тэрбум төгрөгийн 30 ХБҮЦ гарсан байна. Үүний 58 хувь буюу 340.5 тэрбум төгрөг нь зөвхөн 2025, 2026 онд гарсан. Энэ өсөлтийн цаана юу байгаа вэ?

Эхний гурван жилд (2021–2023) 10 ХБҮЦ гарч 128.9 тэрбум төгрөг татсан бол дараагийн гурван жилд (2024–2026) 20 ХБҮЦ гарч 460.5 тэрбум төгрөг татжээ. Нэг удаагийн хөрөнгө татан төвлөрүүлэх дундаж хэмжээ ч өссөн: 2022 онд 15 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 24.4 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт 17 ББСБ ХБҮЦ гаргаж, 10 андеррайтерийн компани үйлчилгээ үзүүлжээ.
ББСБ зээл олгох мөнгөн урсгал нь зөвхөн өөрийн хөрөнгө, банкны болон гадаадын зээлээс хамаардаг. Банкны зээл өндөр хүүтэй, барьцаа шаарддаг, хугацаа нь богино.
ХБҮЦ энэ асуудлыг шийдэх нэг арга болсон. ББСБ зээлийн багцаа бэлэн мөнгө болгоод, тэр мөнгөөр дахин шинэ зээл олгоно. Өөрөөр хэлбэл хөрөнгөө хурдан эргэлтэд оруулж, нэгэн зэрэг олон мянган хөрөнгө оруулагчаас санхүүжилт босгоно.
Үүнийг давтан гаргагчдын тоо баталж байна. Бичил Глобус Финанс, Бэрс Финанс тус бүр 4 удаа, Инвескор, Омни Капитал тус бүр 3 удаа, Симпл, Жи Эс Би Капитал, Нөмөр Кредит тус бүр 2 удаа ХБҮЦ гаргажээ. Нийт 30 ХБҮЦ-ны 20 нь нэгээс олон удаа гаргасан компаниудынх байгаа ба компаниуд дахин эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж байгаа нь энэ хэрэгсэл тэдэнд үр ашигтай байгааг харуулж байна.
2021 онд анхны ХБҮЦ жилийн 14.4 хувийн хүүтэй гарч байсан бол 2025–2026 онд гарсан ХБҮЦ-ууд жилийн 18–20 хувийн хүүтэй байна. Ихэнх нь 24 сарын хугацаатай, хүүгээ тогтмол давтамжтайгаар олгодог.
Хувьцааны үнийн хэлбэлзлээс болгоомжилдог ч хадгаламжаас өндөр өгөөж хүсдэг иргэдэд ХБҮЦ баталгаатай сонголт болж байна. Хугацаа нь богино, хүү өндөр байдал нь олон нийтэд хөрөнгийн зах зээлд орох "эхний алхам" болж байна.
ХБҮЦ-ны гол онцлог нь ТЗК юм. Зээлийн багц нь ББСБ-ын балансаас тусгаарлагдаж, ХБҮЦ эзэмшигчдийн барьцаат хөрөнгийг хянах зарчимтай. Багц нь үнэт цаасны дүнгээс их хэмжээний олон жижиг зээлээс бүрддэг тул зарим зээлдэгчийн төлөлт хоцроход нийт урсгалд үзүүлэх нөлөө харьцангуй бага.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг УИХ 2010 оны 4-р сарын 23-нд баталсан. Гэвч олон нийтэд санал болгосон анхны ХБҮЦ 11 жилийн дараа буюу 2021 онд л гарсан. Хууль байсан ч бүтээгдэхүүн бий болгох туршлага, мэргэжилтэн, зах зээлийн итгэл бүрдэхэд хугацаа шаардагджээ.
Өнөөдөр ХБҮЦ гурван биржээр бүртгэгдэж байна:
- Монголын хөрөнгийн бирж: 17 ХБҮЦ, 316.9 тэрбум ₮
- Улаанбаатар үнэт цаасны бирж: 6 ХБҮЦ, 168.0 тэрбум ₮
- Чингис хаан хөрөнгийн бирж: 7 ХБҮЦ, 104.5 тэрбум ₮
Чингис хаан хөрөнгийн бирж 2024 онд анхны бүтээгдэхүүнээ ХБҮЦ-аар эхлүүлсэн байна.
2025 онд ХБҮЦ-ны 75 хувийг UBX дээр гарсан ба 2026 оны эхний гурван улирлын UBX дээрх нийт арилжааны 82 хувь буюу 67.8 тэрбум төгрөг нь ХБҮЦ-ны арилжаа байна.
Одоогоор UBX дээр Симпл, Очун Нэг, Жи Эс Би, Жи Эс Би хоёр, Нэткапитал, Си И Си Ая нэг ХБҮЦ арилжаалагдаж байна. Нөхцөлийг www.ubx.mn/list хаягаас харна уу.
ХБҮЦ эрсдэлгүй бүтээгдэхүүн биш.
- Зээлийн эрсдэл: Эдийн засаг хямралтай үед бол багц дахь олон тооны зээлдэгчид зээлээ төлөх чадамжгүй болсон тохиолдолд хүү, үндсэн төлбөрт нөлөөлж болно.
- Хөрвөх чадвар: хугацаанаас өмнө зарах үед хоёрдогч зах зээлд худалдан авагч хомс байж болно.
- Өндөр хүү бол эрсдэлийн хэмжүүр: 18–20 хувийн хүү нь тэр хэмжээний эрсдэлийг илэрхийлдэг.
- Хадгаламжийн даатгал ХБҮЦ-нд хамаарахгүй.
Тиймээс хөрөнгө оруулахаасаа өмнө үнэт цаасны танилцуулга, зээлийн багцын чанар, бүтэц, үнэт цаас гаргагч ББСБ-ын санхүүгийн тайланг заавал судалж, брокероосоо зөвлөгөө аваарай.
ХБҮЦ-ны өсөлт нь хоёр хэрэгцээ хөрөнгийн зах зээл дээр уулзаж байгаагийн илрэл юм. Нэг талд санхүүжилт хайж буй ББСБ-ууд, нөгөө талд тогтмол өгөөж хайж буй иргэд байна. Биржүүд, туршлагатай андеррайтерууд энэ хоёрыг холбох дэд бүтцийг бүрдүүлнэ.
Цаашид орон сууцны зээл, лизинг, бизнесийн авлага зэрэг өөр төрлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарах боломжтой. Ингэснээр санхүүжилтийн эх үүсвэр олширч, хөрөнгийн зах зээл хөгжих боломжтой.