Нийслэл ирэх оны төсвийн төслөө танилцуулаад байгаа билээ. Задлан, шинжилье.
📝Төсвийг товчхон
Хэдий ирэх оны төсвийн суурь орлогыг ₮3.5 их наяд, суурь зарлагыг ₮2.6 их наяд байхаар тусгасан ч төсвийн нийт орлогыг ₮4.6 их наяд, нийт зарлагыг ₮4.3 их наядад хүргэхээр төлөвлөөд буй.
🫨 Одоогийн нөхцөл байдал: Гэснээс энэ онд ₮4.3 их наядын орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх баталсан ч 10-р сарын байдлаар ₮2.9 их наяд, ₮358.3 тэрбумын татварын бус орлого төвлөрчээ.
☝️ Өмгөөлөл: Төсвийн орлого тасарсныг хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, торгуулийн орлого тасалдсантай холбоотой хэмээсэн байх юм. Сүүлийн үед Татварын Ерөнхий Газраас гэнэт залгаж хэзээ хойно шийдэгдсэн татварыг ч лавлаж асуусан, түүн дээр нь асуудал үүсгэсэн тохиолдол их гарч байгаа нь төсөв тасалдсантай холбоотой байжээ.
Гол нь ирэх онд ₮4.6 их наядыг төсөвтөө төвлөрүүлэхээр батлах гэж байна. Энэ жилийн гүйцэтгэлээсээ сургамж авч орлого, зарлагаа хөнжлийнхөө хэрээр төлөвлөхгүй бол оны төгсгөлд ААН-ийг дарамталж, шахах тохиолдол давтагдсаар л байх биз ээ.
🏗️ Барина, хучна, шинэчилнэ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ирэх жил 291 төслийг санхүүжүүлнэ. Тус төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг нь ₮10.5 их наяд. Энэ дунд Тоньюукукийн замаас Playtime-н талбай хүрэх замыг засмал зам болгон хучих ажилд ₮18.6 тэрбумыг төсөвлөсөн байгаа.
💭 Бондууд яав?
Цаашлаад, өнгөрсөн жил гадаад, дотоодын зах зээлээс бондын санхүүжилт татсантай холбоотойгоор 2026 онд ₮408.4 тэрбумыг бондын эргэн төлөлтөд зарцуулахаар байна. Үүний 13% буюу ₮53.5 тэрбумыг Нийслэл өөрийн төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг нь банкны хүүгийн орлого, төсөл хөтөлбөрүүдийн орлогоор санхүүжүүлэх аж.
Мэдээд авахад, ирэх онд Нийслэлийн бондоор санхүүжиж буй 3 төсөл ашиглалтад орох хуваарьтай байгаа. Эдгээр 3 төсөл нийт ₮1.9 их наядын төсөвт өртөгтэй бөгөөд ирэх онд ₮1.3 их наядыг нь санхүүжүүлэх юм.
Эцэст нь… Ирэх оны Нийслэлийн төсвийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж, 9 дүүргийн 77,246 төсөл, хөтөлбөрийн саналыг хүлээн авсан гэдгээ тодотгон ярьж байна. Гэсэн хэдий ч асуудлаа эрэмбэлж, юу нэн тэргүүний, юу 99 дэх асуудал вэ гэдгийг бодолцсон зүйл харагдсангүй. Юутай ч ирэх жил мега төслүүдийн хажуугаар Улаанбаатар хотын мега засварууд үргэлжлэх нь ээ.