Манай лимонууд сүүлийн жилүүдэд шинэ жилийн баярын ширээгээ хэдэн төгрөгөөр засаж байна?
🚀 Айхтар өсөлт
Одоогоос 10 жилийн өмнө шинэ жилийн баярын ширээгээ үхрийн мах, нийслэл салат, бялуу, мандарин, алим, оргилуун дарс зэрэг зүйлсээр дунджаар ₮55 мянгаар засдаг байлаа. Гэтэл 2025 онд ширээгээ ₮132 мянгаар арай гэж засдаг болжээ. Өөрөөр хэлбэл баярын ширээний зардал дунджаар 2.7 дахин өсөөд байна шүү.
🥔 Нийслэл салат: Хэрэв таны нийслэл салатанд сонгино ордог бол сүүлийн 10 жилд нийслэл салатны өртөг 182.1% буюу 2.8 дахин өсөөд байна. Энэхүү өсөлт нь хиам ороогүй үнээр тооцсон бөгөөд салатны орцонд ордог бүтээгдэхүүнүүдээс хамгийн өсөлттэй нь сонгино байв. Тухайлбал, 1 кг сонгинын үнэ 2016 оноос дунджаар 3.4 дахин нэмэгдэж, ₮3.8 мянга болжээ.
🍾 Орос оргилуун дарс: Монголчуудын эртний танил Советское оргилуун дарс 2016 онд ₮6.5 мянгаар худалдаалагддаг байсан бол өдгөө үнэ нь 2 дахин өсөж ₮13 мянга болжээ. Үүнээс гадна сонирхолтой мэдээ хуваалцахад, тус оргилуун дарсыг тухайн үеийн Оросын удирдагч Иосиф Сталины захиалгаар 1937 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэж байгаа аж.
👁️ Бага өсөлт: Баярын ширээг алимгүйгээр төсөөлөхөд бэрх. Импортын шар алимын 1 кг-ын үнэ 2016 оноос хойш 93.1% нэмэгдсэн нь баярын ширээнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд дундах хамгийн бага өсөлттэй бараагаар тооцогдов.
🫗 Өрхийн төсөв
Сүүлийн 10 жилийн хугацаанд нэг өрхийн сарын дундаж орлого 3.1 дахин нэмэгдэж ₮2.9 саяд хүрсэн бол нэг сарын дундаж зарлага 3.2 дахин ихсэж ₮3.1 саяд хүрчээ. Өрхүүдийн хувьд сард дунджаар ₮500 мянгыг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулж байгаа бөгөөд үүний хамгийн их болох 33.6%-ийг мах, махан бүтээгдэхүүнд зарцуулж буй аж.
Эцэст нь… Жил бүрийн шинэ жилийн баяр зарлага ихтэй болдог нь хорвоогийн жам болоод уджээ. За тэгээд манайхан санхүүгийн сахилга баттай байж, санхүүгээ зөв удирддаг юм шүү. ✅