Өнгөрсөн Бямба гарагт Оюу толгойн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд орших Цагаан хөтөлд хийх нөхөн сэргээлтийн ажлын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Товчхон: БОАЖЯ, Ойн газар, Дархан-Уул аймаг, Оюу толгой өнгөрсөн 11-р сард Цагаан хөтлийн нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байв. Тус ажил нь Тэрбум мод санаачилгын хүрээнд Оюу толгойн 100 сая мод тарих амлалтынх нь нэг хэсэг юм. Тухайлбал, компани 100 сая модныхоо 60 саяыг тарьж, 40 саяыг мод тарих хэмжээтэй нь дүйх хөрөнгө оруулалтыг ойн салбарт хийхээр ажиллаж байгаа.
Нөхөн сэргээлтийн ажил
Тодруулбал, тус компани Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх аж. Тус талбай нь Дархан-Уул аймгийн Хонгор болон Шарын гол хэмээх 2 сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг бөгөөд Оюу толгойгоос гадна орон нутгийн 2 компани нөхөн сэргээлт хийхээр болсон.
Ингэхдээ: Бугант нандин ХХК Хургадын ам, Цагаан хөтөлийн Хар ямаат орчмын 82.2 га талбайг, Дархан транс ХХК Хонгор сумын нутаг Цэхэрийн ам, Бага ноёны ам орчмын 104.8 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. Одоогоор Бугант нандин ХХК нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлсэн байгаа бол Дархан транс ХХК энэ сард ажлаа эхлүүлэх төлөвтэй байна.
Оюу толгойн хашааны гадна ч: Тус нөхөн сэргээлт Оюу Толгойн хийж буй 2 дахь томоохон нөхөн сэргээлтийн ажил болж буй. Тухайлбал, тэд өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Ялбаг гол орчимд гар аргаар алт олборлогчид сүйтгэсэн 400.4 га газрыг нөхөн сэргээсэн.
Хариуцлагагүй уул уурхайн нөлөө: Монголд 30.7 мянган га талбай эвдрэлд орсон байдаг ба үүний 94% нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч үлдсэн байдаг. Харамсалтай нь үүний 8 мянган га нь нөхөн сэргээгдэхгүй орхигдсон аж.
Эцэст нь… Цагаан хөтөлөөс 1990-ээд оны үед төрийн өмчит нэгэн компани алт олборлож байсан гэдэг. Манай редакцаас тус нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны нээлтэд Market Reporter М.Хулан оролцож хариуцлагагүй уул уурхай тухайн газрыг яаж сэглэж нүд халтирам болгож болдогтой танилцсан юм. Уул уурхайн төсөл дуусах үед тухайн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх нь маш том ажил байдаг. Энэ чиглэлд Оюу толгойн байгаль орчны хэлтэс ажилладаг бөгөөд хариуцлагатай уул уурхай ямар байдаг жишгийг үлгэр харуулж буй.