Өнгөрсөн Баасан гарагт ЗГ ээлжит бусаар хуралдаж, зарим төрийн өмчит компанид хийсэн хяналт, шинжилгээний үр дүнг танилцуулсан билээ. Үр дүнд нь МИАТ ТӨХК, ДЦС-IV, Харилцаа холбооны сүлжээ ТӨХК-ийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болов.
🤕 Юу болов?
Тус хяналт, шалгалтын үр дүн танилцуулсан 3 ТӨХК-ийн удирдлагууд Тендерийн тухай хуулийг зөрсөн байж болзошгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэхчлэн зөрчлүүд илэрчээ.
ДЦС-IV ТӨХК гэхэд өнгөрсөн онд ₮1.8 тэрбумын бараа, материалыг хадгалалтын горим алдагдсанаас үүдэн ашиглах аргагүй болгосон. Мөн 2 болон 4 зуухын их засварыг хийхдээ өртгийг нь ₮1.1 тэрбумаар хэтрүүлсэн аж.
Цаашлаад, Эрчист Монгол ХХК-ийн харьяа Мэдээлэл холбооны сүлжээ ХХК 2024, 2025 онд тендер зарлалгүйгээр шууд гэрээгээр нийт ₮5.3 тэрбумын шатахуун худалдан авсан байх жишээний.
Харин МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн ч гүйцэтгэл нь батлагдсан төлөвлөгөөнөөсөө доогуур байгаа аж. Үүний хажуугаар үндсэн болон түр орон тоо нь хэтэрч цалингийн багц зардал нь ₮9 тэрбумаар өсөөд буй.
Тэдний араас АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон, ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Төрбаяр, УБЦТС ТӨХК-ийн дарга К.Эрдэнэбаяр нарыг чөлөөлөх магадлалтай байгаа аж.
🫥 Бодит шинэчлэл хэрэгтэй!
Шалгаад нийтэд зарласан нь энэ 3 компани болохоос биш ТӨХК-иудыг ухвал энэ байтугай л асуудал гарна. Хэдий ЗГ ТӨХК-иудыг үр ашигтай болгоно гэж ярьж байгаа ч ТӨХК-иудын засаглал, бүтээмж, ил тод байдлыг сайжруулах хуулийн төсөл аль өнгөрсөн 5-р сард УИХ-д өргөн барьсан ч одоо болтол анхны хэлэлцүүлгээ ч хийгээгүй байна.
Ер нь эрх баригчид ТӨХК-иудын засаглалыг сайжруулах гэж байгаа бол ядаж засаг солигдох үеэр өөрсдийн хүмүүсийг томилдог бурангуй жишгээ халах ёстой. Өөрсдөө хүмүүсээ томилдог хэр нь үе, үе ухаан орж буй мэт шинэчлэл яриад, хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлөх нь ТӨХК-ийн шинэчлэл биш шүү!