Сүүлийн нэг сарын хугацаанд брент төрлийн газрын тосны фьючерс үнэ 2.8%, WTI төрлийнх 3.3% тус тус унажээ. Энэ нь зөвхөн ганцхан сарын уналт биш бөгөөд 2023 оноос хойших хамгийн урт буюу сүүлийн 4 сар дараалан унасан хэрэг байв.
🔦 Хариултын эрэлд
Газрын тосны үнэ сүүлийн саруудад дараалан унаж байгаад нийлүүлэлт, геополитикийн хурцадмал байдал, арилжааны идэвх зэрэг нь жинтэй нөлөөг үзүүлээд байна. Эдгээр хүчин зүйлс хэрхэн яаж, нөлөөлж байгааг задлаад харъя.
ОПЕК+: Дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОПЕК+ орнууд болон бусад газрын тос олборлогчид он гарснаас хойш нийлүүлэлтээ нэмсээр иржээ. Энэ нь зах зээлд илүүдлийг бий болгосон бөгөөд ОПЕК+ орнууд газрын тосны үнийн уналтыг зогсоохоор ирэх оны эхний улиралд олборлолтоо нэмэхгүй байх магадлал өндөр байна.
🔮 Дайн дажин: Украин болон Оросын хооронд энхийн хэлэлцээр тогтоход ойртож байгаа нь үнийн бууралтад нөлөөлөх болсон. Уг асуудлаар энэ долоо хоногт Доналд Трампын төлөөлөгч Москвад айлчлан, Владимир Путинтай уулзах ба хэрэв дайн дуусвал Барууны орнуудын Орост тавьсан хориг зогсож, Хятад, Энэтхэг, Турк зэрэг томоохон улсууд руу газрын тос чөлөөтэй нийлүүлж эхлэх билээ.
📉 Гацсан арилжаа: Өнгөрсөн сарын газрын тосны үнийн уналтад Талархлын баярын дараахан арилжааны идэвх буурсан нь ихээхэн нөлөөтэй байв. Тухайлбал, Дата төвийн хөргөлтийн асуудлаас үүдэн Чикагогийн биржийн платформ хэдэн цагийн турш доголдсон нь арилжаачдыг бухимдуулж, газрын тос болон бензин, дизель түлшний үнэд ч нөлөөлсөн аж.
Цаашид… Газрын тосны үнэ ОПЕК+ орнуудын шийдвэр, Украин болон Оросын энхийн хэлэлцээр, худалдан авагчдын эрэлтээс шууд хамаарна. 2025 он гарснаас хойш 15% унасан газрын тосны үнэ ирэх жил хэрхэн өөрчлөгдөх нь тун сонирхолтой. 🤔