УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Тамхины хяналтын хууль хэрхэн өөрчлөгдөх вэ, ямар өөрчлөлт гарах вэ?
😏 Мэдээж татвараа нэмнэ
Хэдий эрх баригчид тус хуулийг татвар нэмж, төсөв бүрдүүлэх бус хүүхэд, өсвөр үеийнхний тамхидалтыг бууруулахад чиглэнэ гэж байгаа ч гол өөрчлөлт нь ирэх 5 жилд тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлж, үнийн бодлогоор хяналтаа чангаруулахад чиглэж буй. Одоогийн байдлаар 100 ширхэг тамхи ₮4,180-ийн татвартай орж ирдэг. Харин шинэчилсэн найруулгаар ирэх 5 жилд тамхины татвар 5 дахин нэмэгдэхээр байгаа юм.
🤔 Хэрхэн өөрчлөгдөв? Хуулийн төсөлд татвар ногдуулах тамхины нэр, төрлийг нэмэгдүүлж, ширхэг, мг-аар нь нарийн зааж оруулсан. Тухайлбал, ямар ч зохицуулалтгүй электрон тамхи гэхэд ирэх оноос 1 ширхэг тутамд ₮5,000, 1 мг-д ₮1,000-ийн татвартай болж эхэлнэ.
📦 Харин 1 хайрцаг янжуур тамхины татвар ₮2,000 болж буй. Улмаар 2030 он гэхэд хуульд тусгагдсан бүх төрлийн тамхины татвар 5 дахин өсөх нь ээ.
🙄 Энэ их мөнгөөр юу хийх вэ?
Нийт хүн амын 28.4% нь тамхи татаж буй энэ нөхцөлд, хүүхэд, өсвөр үеийнхний дундах тамхидалтыг бууруулах зорилгоор татвар нэмэх нь зүйтэй. Гэхдээ татвар гээд хураан авч буй тэр их мөнгөө нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, тамхины худалдан авалт бүрийн 2% нь ЗГ-ын 13 тусгай сангийн нэг болох Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрдөг. Сүүлийн 5 жилд тус сангийн төсөв 3 дахин нэмэгдэж, энэ онд ₮9.7 тэрбум болоод буй.
🤨 Гэсэн ч сангийн зарцуулалт ил тод биш, хэрэгжүүлж буй төслийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төсвийн Facebook хаяг дээрх хэдэн бичлэгээр хэмжихээс цаашгүй байна.
⚠️ Тэгээд яах юм?
Дэлхийн улс орнуудад “Tobacco Fund” буюу тамхины татвараас төвлөрсөн орлогоор нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд зориулагдсан сан ажилладаг. Угтаа манай Эрүүл мэндийг дэмжих сантай ижил чиг үүргийг гүйцэтгээд явах боломжтой. Уг хуулийн төслийг батлаад, татвараа нэмээд явлаа гэхэд үүний хажууд зайлшгүй тамхины татвараас төвлөрсөн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг нь олон нийтэд нээлттэй тайлагнах ёстой. Үгүй бол татвар нэмсний үр ашиг нийгэмд бус эрх мэдэлтнүүдэд л ашигтай байдаг буруу жишиг үргэлжлэх магадлал өндөр.