Та болон танай компани өдөр тутмын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI)-г хэр хэмжээгээр нэвтрүүлсэн бэ? Монголын компаниуд үйл ажиллагаандаа AI нэвтрүүлэх гэхээр боловсон хүчний асуудал хамгийн их тулгамдаж байна гэнэ дээ.
🔍 Судалгаа: СЗХ санхүүгийн байгууллагуудын хиймэл оюун ухааны хэрэглээг судлах зорилгоор түүвэр судалгаа хийжээ. Нийт 75 санхүүгийн байгууллага хамрагдсанаас 41.3% нь ББСБ, 25.3% үнэт цаасны компани, үлдсэн хэсгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, даатгал гэх мэтийн компаниуд бүрдүүлжээ.
📌 Дийлэнх нь AI ашигладаггүй
Судалгаанд оролцсон 75 компаниудын 70.6% нь үйл ажиллагаандаа AI ашигладаггүй гэнэ. Харин өдөр тутмын ажлаа AI-р хөнгөвчилсөн компаниудын олонх нь ББС-гийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй.
🧐 Юунд ашиглаж байна вэ? AI-г түгээмлээр хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах, эрсдэлийн болон зээлийн үнэлгээнд ашиглах, мөнгө угаахтай тэмцэх хяналтыг хэрэгжүүлэх зэргээр ашиглаж байгаа аж. Авууштай нь эдгээр компаниудын 23% нь AI-г дотооддоо хөгжүүлжээ.
📈 Ямар өөрчлөлт гарч байна вэ? AI ашиглаж байгаа компаниудын 26% нь хэрэглэгчийн үйлчилгээ сайжирсан, 24% нь зардал буурсан гэж үзсэн аж. Иймд нийт 75 компанийн 41% нь цаашид AI-д чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэнэ.
❌ AI-с зайлсхийж байгаа шалтгаан & бэрхшээл
Компаниуд үйл ажиллагаандаа AI ашигламаар байгаа ч боловсон хүчний дутмаг байдал, туршлага, мэдээлэл хомс байгаа нь маш том бэрхшээл болж байна. Үүн дээр нэмээд зардлын асуудал, зохицуулалт талаасаа AI-н ашиглалтад чиглэсэн хууль, бодлогын орчин бүрдээгүй нь эрх зүйн болон комплаенсын эрсдэл үүсгэж байгаа аж. Мэдээж санхүүгийн байгууллагуудын хувьд AI ашиглах тал дээр өгөгдлийн нууцлал, аюулгүй байдлын асуудал хурцаар сөхөгдөнө.
Эцэст нь… Монголын санхүүгийн салбарынхны хувьд AI-н хэрэглээ харьцангуй өндөр болж, хэрэглээний чиглэл нь төрөлжиж эхэлсэн байна. Цаашид ч AI ашигладаг, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн компаниудын тоо нэмэгдэхээр байгаа тул үүнтэй холбоотой тодорхой эрсдэлүүдийг тусгасан зохицуулалт хэрэгтэй байгаа ажээ.