Монголд иргэд, компаниудыг хамгийн ихээр халшраадаг зүйл бол татварын дарамт гэдэг дээр олон хүн санал нийлэх биз ээ. Тиймдээ ч сүүлийн 6 жилийн хугацаанд татварын өрийн үлдэгдэл 5.6 дахин өсөж ₮6.5 их наядад хүрээд байна.
🤒 321 мянга нь өртэй
Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг татварын системийн шинэчлэл яагаад агаар ус мэт хэрэгтэй байгааг мэдээллээ. Тухайлбал, энэ онд улсын хэмжээнд татварын өртэй яваа 321 мянган иргэн, ААН байгаа бөгөөд нийт татварын өр, хүү, алданги ₮6.5 их наядад хүрснийг онцолжээ. Нэг үгээр бол дурын 2 ААН-ийг сонгоход нэг нь татварын өртэй байгааг харах боломжтой ба өнгөрсөн онд 50 мянган ААН татварын өртэй байсан бол энэ онд 70 мянга болж нэмэгдээд байна.
🔎 Өсөлтийн цаана: Өнгөрсөн жилүүдийн татварын өрийн үлдэгдлийн огцом өсөлтөд Ковидын нөлөө байсныг Үндэсний Аудитын Газраас гаргасан. Жишээлбэл, 2022 онд татварын өрийн үлдэгдэл ₮3.3 их наядад хүрсэн ба энэ нь цар тахлын нөхцөл байдлаас хамаарсан аж.
🙏🏻 Өршөөл үзүүлнэ
Татварын өр нь бизнесийн үйл ажиллагаанд халгаа болсон тул АН-ын зүгээс татварын өршөөлийн талаар ярилцах цаг болсныг дурджээ. Олон улсад 10 жилийн давтамжтай тус асуудлыг харгалзаж үздэг бөгөөд тэд үүнтэй холбоотой хуулийн тогтоолын төсөл бэлтгэж байгаа аж. Нөгөөтээгүүр, энэхүү шийдвэр нь татварын өрөө цаг тухай бүрт төлөөд явсан иргэд, ААН-үүдэд хохиролтой тул хэн хэнийг нь гомдоохгүй гарц гаргалгааг судлах гэнэ дээ.
🔇 Аажим өсөх нэгэн татвар: Мэдэгдлийн үеэр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлсэн бөгөөд одоогоор нэг хайрцаг янжуур тамхинд Монголд ₮800-ийн онцгой албан татвар төлөгддөг бол ирэх 5 жилд үе шаттайгаар ₮10 мянга болгож өсөхийг сануулав.
Эцэст нь… Татварын дарамт хэзээ бодитой буурах нь зөн билгийн тулаан лугаа адил ойлгомжгүй хэвээр байна. Ямартай ч АН-ын зүгээс нэг удаагийн өршөөл үзүүлээд үзэх үү хэмээх санал гарчээ гэж…