Ханиад томууны үе хаяанд иржээ. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй гэж гарсан гэнэ. Ер нь бид энэ аргуу цаг үеийг яаж туулах вэ?
▓ Хэцүүхэн түүх
Одоогоос 16 жилийн өмнө буюу 2009 онд Монголд гахайн томууны H1N1 вирусийн анхны тохиолдол илэрч гол усаар нэг шуурч байв. Энэ вирусийг 99%-ийн халдвартай гэж үздэг. Тухайн үед ч сургуулийн амралт, эмнэлгийн хүртээмжийг асуудал яригдаж байсан бол өнөөдөр ч яг л тэр сэдвүүд дахин сөхөгдөж байна даа. Угаас жил бүрийн 12-р сарын дунд үе томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе байдаг.
📌 Гаргасан шийдэл нь: Өчигдөр ЗГ-аас бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх санал гаргасан ч Боловсролын яам уг саналыг хүлээж авахаас татгалзсан. Бага насны сурагчдыг амраах гээд байгаа шалтгаан нь томуугаар өвчлөгсдийн 81.3%-ийг 15 хүртэлх насныхан, үүний дотор 46.6%-ийг нь 5 хүртэлх насныхан эзэлж байгаа аж.
🧐 Ямар асуудал байна вэ?
Нэг талаас томуугийн оргил үед эмнэлгийн хүртээмжийн асуудал улам хурцаддаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10%-ийг эзэлж байна. Цаашид энэ тоо улам л нэмэгдэнэ. Гэтэл улсын дунджаар 263 хүүхдэд ганц л ор ногдож байгаа. Нөгөө талаас Улаанбаатарын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж жилийн 365 хоногийн 339 өдөр нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байдаг.
Эцэст нь… Томуугийн дэгдэлт нэмэгдлээ сургуулиа амраая гэдэг нийтлэг жишигт хэзээ цэг тавих вэ? Үүний шийдлийг харахад наад талд нь эмнэлгийн хүртээмж, утааны асуудал яригдах ч цаад талд нь ЭМДС-гийн ажиллагаа, төсвийн оновчтой хуваарилалт, зарцуулалт, бодлогын зохицуулалт, уялдаа холбоо гээд цогцоор нь шийдэх өчнөөн зүйл байна даа.