Сүүлийн жилүүдэд хүний үр хөврөлийг өөрчлөх технологийн дэвшлүүд эрс нэмэгдэх болсон. Үүний хамгийн том давуу тал нь ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ генетикийг урьдчилж засварлах боломж. Үүнийг Америкийн технологийн томчууд ихээр сонирхож байгаа бололтой.
👩🏻🔧 Генетик засвар: CRISPR гений засварын технологи нь амьд организмын ДНХ-д өөрчлөлт хийх боломжийг олгодог аж. Тус технологийг Женнифер Дудна, Эммануэль Шарпентье нар 2012 онд бүтээсэн ба 2020 онд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн түүхтэй.
📡 Болсон явдал
Өнгөрсөн сард CRISPR-г ашиглан хүний үр хөврөлийг өөрчлөх зорилготой Preventive гэх стартап гарч ирэн $30 саяын хөрөнгө оруулалт татжээ. Энэхүү төсөлд Coinbase (COIN) Гүйцэтгэх захирал Брайан Армстронг, OpenAI-н Гүйцэтгэх захирал Сэм Алтманы нөхөр Оливер Малхерин нар хөрөнгө оруулсан ба стартапын үйл ажиллагаа эхний ээлжид хүний үр хөврөлийг засварлах нь аюулгүй эсэхийг тогтооход төвлөрч, урт хугацаандаа хүнд хэлбэрийн удамшлын өвчнийг урьдчилан сэргийлэхэд чиглэх аж.
🔢 Ганцаараа биш
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нь дан ганц Preventive биш юм. Учир нь 2024 оны эхээр Калифорнийд байрлах Bootstrap Bio болон энэ онд Manhattan Genomics хэмээх CRISPR-н тусламжтай үр хөврөлийг өөрчлөхөөр үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн стартап бий болоод байна. Олон нийтийн дунд хүний үр хөврөлийг өөрчлөх нь ихээхэн маргаан дагуулдаг ч энэ чиглэлийн стартап олширч буй нь тун сонирхолтой.
Эцэст нь… CRISPR-д суурилсан эмчилгээнүүд нь өртөг өндөртэй бөгөөд энэ чиглэлийн эм үйлдвэрлэгчид одоогоор нэг тунг нь $2 саяар борлуулдаг. Preventive-н тооцоолсноор, тэдний технологи амжилтад хүрвэл нэг үр хөврөл засах өртгийг $5,000-т хүргэж бууруулах боломжтой гэнэ дээ.