Монгол энэ оны эцэст Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр (ЧХХ) байгуулж магадгүй байгаа. Гэхдээ бид ЧХХ-т орлоо гээд үр шимийг нь гаргаж чаддаг уу?
Цор ганц
Одоогийн байдлаар Монгол ганц Японтой л чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Гэхдээ тус улстай ЧХХ байгуулсны үр шимийг хүртэж байгаа юу гэвэл үгүй. Тухайлбал, 2 орон 2016 онд ЧХХ байгуулж байсан бөгөөд талуудын худалдааг ЧХХ-ийн өмнө болон дараах байдлаар харахад,
Удаанаар: Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаас өмнөх 3 жил буюу 2014-2016 онуудад нийт $25 саяын дүн бүхий экспорт хийсэн бол $367.8 саяын дүн бүхий импорт хийсэн байна. Харин сүүлийн 3 жилд нийт экспортын дүн $48 сая, импорт $1.8 тэрбум болсноос харахад экспорт сүртэй нэмэгдээгүйн дээр Монголын Японтой хийх худалдааны алдагдал илт нэмэгдсэн байгаа юм.
Юу аваад, юу өгдөг вэ? Цаашлаад экспорт, импортын гол нэрийн бүтээгдэхүүнээр харахад бид Япон руу чулуу, гипс, цемент зэрэг эрдэс бүтээгдэхүүн гаргадаг бол Японоос тээврийн хэрэгсэл, автомашин голцуу импортолж байна.
Гэснээс: Сонирхуулахад, Монголын талаас 9,300 бараа, бүтээгдэхүүн, Японы талаас 5,700 бараа бүтээгдэхүүний импортыг гаалийн татвараас чөлөөлсөн аж. Тухайн үед тус ЧХХ хэт богино хугацаанд, сайтар судалгаагүй хийлээ гэх мэр сэр яриа ч гарч байсан даа. 🤷♂️
Судалгаа
2021 онд Монгол болон Өмнөд Солонгос хооронд ЧХХ байгуулах судалгаа дуусаж байсан бөгөөд ЧХХ байгуулахад саад болж буй зүйл нь Монголын дотоодын зах зээл хязгаарлагдмал, хууль эрхзүйн орчин тогтворгүй, логистикийн зардал өндөр, бүтээмж бага тул өрсөлдөх чадвар сул гээд гаднын хөрөнгө оруулагчдыг үргээдэг өнөө л шалтгаанууд харагдав.
Харин Евроазийн ЧХХ байгуулах асуудлыг тэртээ 2020 онд судалж эхэлсэн бөгөөд хэрэв тус ЧХХ-ийг амжилттай байгуулж чадвал тус бүлгийн Орос, Казахстан, Беларусь тэргүүтэй 18 улстай худалдаа хийх таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй.
Эцэст нь… Гадаад худалдааны гол түнш Орос, Хятадтай одоо болтол ЧХХ байгуулдаггүй шалтгааныг тус улсуудтай хийж буй худалдааны гаалийн тариф хэдийнээ доогуур байхад ЧХХ байгуулчихвал тарифыг ахин доошлуулах хэрэгтэй болох тул ашиггүй гэх нь бий. Өнгөрсөн онд Орос, Өмнөд Солонгостой ЧХХ байгуулах талаар яриа гарсан. Юутай ч энэ жилийн эцэс гэхэд ЕАЭЗХ-той ЧХХ байгуулж магадгүй юм шиг байна. Анхаарах л сэдвийн нэг дээ.