Москва хотноо зохиогдсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ЗГ-ын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайд маань хөршүүдтэйгээ уулзаж, хэд хэдэн ам мөчиг, алсын зорилгоо ярилцаад амжив.
😮💨 Орос: Салбар банк, шатахуун таслахгүй
Юун түрүүнд Оросын талаас Монгол руу чиглэх гол бодлого нь 3 улсын хийн хоолойн бүтээн байгуулалт гэдгийг мэдэгдэж, урагшлуулах хүсэлтээ илэрхийлжээ. Улмаар хийн хоолойг дамжин өнгөрүүлж буй Монголд найр тавьж буй мэт шатахуунаа тогтвортой нийлүүлэх төдийгүй нийлүүлэлтийн хэмжээгээ нэмэхээр болов.
Цаашлаад, Путин 2 орны худалдааны эргэлт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 7.8% өссөн төдийгүй цаашид Евроазийн эдийн засгийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрийн үр шимийг гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн 2 орны төлбөр тооцоо, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар Орост Монголд банкаа нээх бүхий зөвшөөрөл, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн хэмээн ам гараад амжлаа.
☸️ Хятад: 100 сая тн нүүрс, $20 тэрбумын худалдаа
Харин Хятадад нүүрсний биет хэмжээг 100 сая тн-д хүргэх санал тавьж, Хятад, Монголын худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэх зорилтоо биелүүлье гэх санааг дайгаад авсан. Үүний тулд ХАА-н гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Хариуд нь Хятад өөрсдийн далай мэт зах зээл Монголд нээлттэй л гэв. Чадвал худалдаа, наймаагаа нэмээ л гээд байх шиг.
Өөр нэгэн сонирхолтой зүйл нь 2 орны хөрш зэргэлдээ муж, аймгийн харилцааг нягтруулж, хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглан Алтайн дэд бүс дэх олон улсын хамтын ажиллагааг ахиулахыг дэмжих мэдэгдэл байв.
Эцэст нь… Ирэх жил Орос, Монголын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохионо. Ер нь л ойрын жилүүдэд Оросоос Хятад руу чиглэх хийн хоолойн бүтээн байгуулалт Орос, Монголын харилцааг тодорхойлох төлөвтэй дэг.