Өнгөрсөн 7 хоногт урт настай, удаан нуршаантай 2026 оны төсөв батлагдсантай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улаанбаатар хот ирэх онд дотоодын зах зээлд ₮275 тэрбумын бонд гаргах сураг дуулдаад байна.
🤔 Гэнэтийн шийдвэр
Анх өргөн барьсан төсөвт энэхүү бондын санал тусгагдаагүй байсан ч гэнэтийн шийдвэрээр ороод ирсэн гэнэ дээ. Тухайлбал, ЗГ-аас өргөн барьсан анхны төсөвт нийслэлийн ₮275 тэрбумын бонд гаргах санал байгаагүй. Мөн ажлын хэсгийн боловсруулсан хувилбарт ч энэ заалт тусгагдаагүй байна. Харин хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг дэмжсэнээр энэ хэмжээний бонд төсөвт орж ирэхээр болов.
🦺 Юунд зарцуулах вэ?
Улаанбаатар хотын хөгжлийн стратегийн хүрээнд 2028 он хүртэл 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү мега төслүүдэд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын хэмжээ $13.2 тэрбумд хүрсэн бөгөөд эхнээсээ бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Төсөвт тусгагдсаны дагуу ирэх онд гарах ₮275 тэрбумын бонд нь Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилготой буюу зарим нэг мега төслүүдэд зарцуулагдах магадлалтай аж.
🕰️ Өмнөх бондууд
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын зүгээс гадаад болон дотоодын зах зээлд 2 бонд гаргасан. Эхнийх нь 2024 оны 6 сард ₮500 тэрбумын үнийн дүнтэй дотоод зах зээлд гарсан бол нөгөөх нь $500 саяын дүнтэй гадаад зах зээлд гарсан хаалттай бонд байв. Тус санхүүжилтийг мөн л нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна хэмээн зарлаж байв.
Эцэст нь… Дотоодод бонд гарах нь хөрөнгийн зах зээлийн арилжааны дүнг суга өсгөж, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх эерэг талтай. Гэвч бондоос босгосон санхүүжилтийг оновчтой зарцуулж байгаа эсэх нь олны анхаарал татаж байна. Яг үр дүнтэй зүйлд нь зарцуулж л байгаа даа. 🤷🏻♂️