Японы луугар санхүүгийн корпорац Mitsubishi UFJ Financial Group (MUFG) ChatGPT-тэй хамтарч эхэллээ. Онцолж буй шалтгаан нь GPT-г харилцагчийн хувийн санхүү хөтлөлтөд ашиглах гэж байна.
🧾👩💼 AI санхүү төлөвлөгч
MUFG Bank ирэх 2026 оны 4-р сараас эхлэн апп дээрээ ChatGPT-г нэвтрүүлж харилцагчдынхаа санхүү төлөвлөгчөөр ажилд авах нь ээ. ChatGPT ажилдаа орсноор харилцагчтай зөвшилцөж байгаад л өрхийн сарын орлого, зарлага, өрхийн төсвөө хэрхэн ухаалгаар төлөвлөж болох зөвлөгөөнүүдийг өгөөд явна.
🧮 Тэдний хамтралыг илүү секси болгож буй зүйл нь ChatGPT тухайн хэрэглэгчийн сарын зарлага, баланс дээр нь судалгаа хийн, хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх явдал. Нэг үгээр бол санхүүгийн хоосон зөвлөгөө бус хэрэглэгчийн мөнгөтэй хэрхэн харьцдаг зан үйл дээр нь тулгуурлан зөвлөгөө өгнө гэсэн үг.
MUFG банкнаас гадна бусад үйлчилгээнүүдээ ч ChatGPT-г нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Санхүүгийн зөвлөгөө авах гэж мөнгө төлдөг цаг улирчээ.
🦸 GPT: Супер программ
MUFG хамтралын мэдээтэйгээ хамт ChatGPT-н супер апп хөгжүүлэх концептын нэг хэсэг болж байгаагаа мэдэгдсэн. ChatGPT-н бүтээх гэж буй супер апп нь өөр дээрээ бүхнийг төвлөрүүлэх бус, өөрөө бусад бүх апп-тай холбогдож, үйлчилгээгээ экспортлох концепт. Шинэ тутамд интеграцлагдаж буй үйлчилгээнүүдийн тусламжтайгаар ChatGPT гаднын янз бүрийн программуудтай холбогдож, супер программ болгох юм.
Одоогоор ChatGPT Spotify (SPOT) болон зочид буудлын захилгын платформ болох Booking.com-той хамтран ажиллаж байгаа.
MUFG Bank-н хувьд бүртгэлтэй 34 сая гаруй арилжааны харилцах данс эзэмшигчдэдээ салбар дээр очих нь бүү хэл банкны апп руу ч нэвтрэлгүйгээр ChatGPT-р гүйлгээ хийдэг болох боломжийг бодолцож буй.
Эцэст нь… Ойрын ирээдүйд ChatGPT-гүй бизнес гэж байхаа болих юм уу хаашаа юм. Лавтай ChatGPT-н супер апп бүтээх мөрөөдөл нь уламжлалт аргаар хэдийнээ томорсон групп, корпорацуудад ихээхэн дэм болох төлөвтэй. Банкны салбарт гэхэд томоохон банкнуудын AI шилжилт шинэ стартапуудаас хамаагүй удаан байгаа энэ нөхцөлд ChatGPT AI-н өрсөлдөөнөөс хоцрохгүй байх хөшүүрэг нь болох нь дээ.