Хүмүүст өөрийн гэсэн орон сууцтай болох нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүндхэн даалгавар болж байна. Энэ асуудлыг шийдэх нэгэн арга зам бол ипотекийн зээл билээ. Тэгвэл тус зээлтэй холбоотой Америкт ямар шинэ шийдэл байгааг харцгаая.
🎁 Бурхны бэлэг = Ипотекийн зээл
Тэртээ 1981 онд Америкт анх удаагаа орон сууцтай болж буй иргэдийн медиан нас 29 байсан бол өдгөө энэ тоо 40-д хүрчээ. Үүний гол шалтгаан нь байрны үнийн өсөлт, ипотекийн зээлийн хүү нэмэгдэж байгаатай холбоотой аж. Судалгаагаар, Америкт дундаж байрны үнэ $415 мянгад хүрсэн нь 2019 оноос хойш 50% өссөн дүн болоод байна.
⏱️ 50 жилийн хугацаа
Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп иргэддээ зориулж 50 жилийн хугацаатай ипотекийн зээлийг боловсруулж буйгаа мэдэгдсэн. Энэ нь 30 жилийн хугацаатай ипотекийн зээлтэй харьцуулахад бага сарын төлөлттэй гэдгээрээ давуу талтай боловч зээлийн нийт хүүгийн төлбөрийг өсгөх сул талтай аж. Сонирхуулахад, Америкт 15 жилийн хугацаатай ипотекийн зээлийн жилийн дундаж хүү 5.5% байгаа бол 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн дундаж хүү 6.22%-тай байна.
🪙 Крипто суурьтай зээл
2021 онд Америкийн нийт иргэдийн криптовалют эзэмшиж буй байдал нэг оронтой тоогоор хэмжигддэг байсан бол энэ жил 15%-д хүрээд байна. Үүнд түшиглэн криптод суурилсан ипотекийн зээлийн хувилбарыг Холбооны Орон сууцны Санхүүгийн Агентлагаас боловсруулж эхэлжээ. Мөн хувийн хэвшлүүд криптод суурилсан зээлийн үйлчилгээг судлаад эхэлсэн ба JPMorgan (JPM) харилцагчдадаа Биткойн (BTC) болон Эфериум (ETH) барьцаалсан зээлийг санал болгохоор төлөвлөсөн аж.
Эцэст нь… Америкт ипотекийн зээлтэй холбоотой дээрх 2 хувилбар эрчийг аваад байна. Монголд энэ хувилбаруудыг туршиж үзнэ гэвэл хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг тун сонирхолтой. Манай лимончууд юу гэж бодож байна? 😅