Орос, Монгол, Хятад 3 хил орчмын аялал жуулчлалыг 2025-2026 онд хамтран хөгжүүлэх Цайны зам аялал жуулчлалын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
🗺️ Хил дамнасан аялал жуулчлал
Өнгөрсөн Баасан гарагт 3 улсын Аялал жуулчлалын сайд нарын IX хуралдаан Дархан хотноо болж, тус төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Улмаар Орос, Монгол, Хятад Цайны замын түүх, соёлыг аяллын маршрут болгон хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцож, Цайны зам авто аяллын брэнд маршрутыг нээгээд буй.
📍 Маршрут: Цайны замын аяллын оролцогчид Хятадаас 2,100 км замыг туулж, Дархан-Уул аймагт ирэх бөгөөд цааш Сэлэнгэ аймгаар дайрч, Алтанбулаг боомтоор дамжин Орос руу гарах аж.
📇 Үүх түүх
Цайны зам нь XVIII зуунаас XX зуун хүртэл Хятадын цай болон бусад бүтээгдэхүүн Монголоор дамжин, Орос руу гардаг гол худалдааны зам байсан гэдэг. Энэ ч утгаараа Монголын хувьд бид бүгдийн сайн мэдэх Торгоны замаас дутуугүй түүхэн ач холбогдолтой.
💡 Сонирхуулахад, Торгоны замын маршрут нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэлтэй байдаг бөгөөд үүнд тулгуурласан аяллын маршрутыг Хятад, Узбекистан, Казахстан, Иран, Турк тэргүүтэй улсууд хамтран сурталчилж буй. Энэ ч утгаараа Торгоны замын аялал нь дэлхийн хамгийн алдартай түүх, соёлын аялал болжээ.
🤔 Юу үзэх вэ?Торгоны замын аяллаар Самарканд, Бухара, Кашгар зэрэг эртний худалдааны төвүүдийг үзэж, сонирхох соёлын танилцуулгын аяллаас гадна элсэн цөлөөр тэмээн жинтэй аялах гээд аялагчдад бодит мэдрэмж өгөх сэдэвчилсэн аялал байдаг аж.
Юутай ч Орос, Монгол, Хятад 3 Цайны замын авто брэнд аялалтай болж байна. Хятад болон Орос манайд ирж буй жуулчдын талаас их хувийг эзэлдэг гэх утгаараа тус төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, хил дамнасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломжтой. Гол нь бидний зүгээс Монгол орноор дайран гарсан Цайны замын маршрутыг мэргэжлийн төвшинд бий болгож, аялал жуулчлалын болон соёлын бүтээгдэхүүнтэй болох нь чухал. Үүний сацуу цайны соёлоороо дэлхийд танигдсан Хятад шиг өөрсдийн цайны соёлыг дэлхийд сурталчлах ч боломжтой доо.