Сүүлийн 100 жил газрын тосоороо танигдсан Персийн булангийн орнууд дараагийн 100 жилд технологиор тэргүүлэхээр шаргуу ажиллаж эхэлжээ. Үүнд баялгийн сангууд томоохон үүрэгтэй оролцох аж.
⭐️ Ирээдүй AI-д
Персийн булангийн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар нь дотоодын AI-г хөгжүүлэх, дата төвийг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Nvidia (NVDA), Microsoft (MSFT), AMD (AMD), OpenAI зэрэг аваргуудтай хамтарч ажиллахаар тохиролцжээ. Эдгээр 3 улсын төлөвлөгөөг задлаад харвал:
Саудын Араб: Энэ онд бүс нутгийн томчуудын нэг Саудын Араб $925 тэрбумын хөрөнгөтэй PIF баялгийн сангаараа дамжуулж Humain гэх AI-д чиглэсэн компанийг үүсгэн байгуулжээ. Уг компани нь дата төвүүддээ зориулан $NVDA-с 18 мянган чипийг авахын зэрэгцээ $AMD-тэй $10 тэрбумын тохиролцоонд хүрээд байна.
Арабын Нэгдсэн Эмират: Нийслэл Абу-Дабид үйл ажиллагаа явуулж буй Арабын Нэгдсэн Эмиратын ADIA, Mubadala болон ADQ баялгийн сангууд нийтдээ $1.7 их наядын хөрөнгийг удирддаг ба эдгээр сангуудын гол анхаарал AI дээр төвлөрч, $MSFT-с гэхэд 2023-2029 онуудад $15.2 тэрбумын хөрөнгө оруулалт татаад буй.
Катар: Персийн буланд эдийн засгаараа 3-т эрэмбэлэгддэг Катарын AI-н талаар баримталж буй бодлого бусад орнуудаас бага зэрэг өөр. Тухайлбал, $524 тэрбумын хөрөнгөтэй QIA баялгийн сан нь AI-н салбарын компаниудад шууд хөрөнгө оруулаад байна. Эдгээр компаниуд дунд Anthropic, Databricks, Cresta, Applied Intuition болон Элон Маскийн xAI нар багтаж байгаа аж.
🇲🇳 Үл мэдэгдэх сан
Чингис хаан үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаас бүрдэх ба 2050 онд олон улсад өрсөлдөх чадвартай болох зорилготой ч хэрхэн яаж гэдэг нь экс ЕС-ын орлогоо нотолсон асуудал шиг ойлгомжгүй хэвээр байна. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн ойлгомжтой зүйл бол энэ долоо хоногт Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийг УИХ-аар хэлэлцэх нь байна шүү. 🤷🏻♂️