Ирэх онд бид “Боловсролын” гэж зарласан өдрүүдийг элээнэ. Харин 2027 онд “Эрүүл мэндийн жил” эхлэх нь ээ.
🧐 Юу хийх вэ?
ЗГ эрүүл мэндийн жил гэж зарласан хэдий ч одоогоор юу хийх нь тодорхойгүй. Зарласан шалтгаан нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх. Эрүүл мэндийн сайд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үүрэг хүлээгээд буй. Төлөвлөгөө гарах үед улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, шаардлагатай санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгаж, салбар хоорондын уялдааг ханган ажиллах гэнэ.
‼️ Үр дүн юу байв аа?
Нийслэл хот өнгөрсөн 1-р сард 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Энэ хүрээнд оны эхний 10 сарын байдлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ₮598.4 тэрбумын 154 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Энэ төсвийн талаас их буюу 52%-ийг дэд бүтцэд зарцуулсан. Гэсэн ч одоо ч гэсэн эвдэрсэн бродюртай, түгжирсэн замтай, суунагласан утаатай байгаа билээ.
🔍 Боловсрол сайжрах уу? Боловсролын чанарыг хэмжих нэг хэмжүүр нь ЭЕШ-ын дундаж оноо. 2025 онд 10 голлох хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо 39.9 буюу “F“-р үнэлэгдсэн. Тэгэхээр ирэх онд боловсролын чанар болон багш ажилчдын ажиллах орчныг сайжруулах шаардлагатай байгаа юм.
📌 Эрүүл мэндийн салбарын асуудал: ЭМДС-гийн алдагдал жил бүр нэмэгдэж байгаагаас гадна 2021 оноос хойш ₮1 их наядын өр бүртгэгдсэн. Одоо ч ₮140 тэрбумын өртэй байгаа. Нэмээд эмнэлгийн чанар, хүртээмж асуудалтай буюу 114 хүнд ганц л ор, 226 хүнд 1 сувилагч л ногдож буй. Ядаж эдгээр асуудлыг шийдэх төлөвлөгөө хэрэгтэй.
Эцэст нь… Цаасан дээр бичсэн зорилгоо биелүүлнэ гэхээсээ илүү хамгийн асуудалтай байгаа салбарынхаа асуудал болон шийдлийг жагсаан хэлэлцэх нь зүй. Ядаж л боловсролын жил гэж зарласан жилд нь тус салбарын төсөв, хөрөнгө оруулалт илүү өндөр байх буюу нэг шийдвэр нөгөө шийдвэртэйгээ уялдаж үр дүн гаргах хэрэгтэй байна даа.