Монголын хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй лигийн нэг болох Волейболын Үндэсний Дээд Лиг шинэ улирлын хөшгөө өчигдөр нээлээ. Энэ улирлаас онцлох зүйлс юу байгааг хамтдаа сонирхъё.
🕰️ Лигийн 30 жил
Анх 1995 онд Үндэсний Дээд Лиг зохион байгуулагдаж байсан бол өдгөө тус лиг 30 дахь жилийн ойтойгоо золгож байна. Энэ улиралд эрэгтэй, эмэгтэй нийт 16 баг оролцох бөгөөд ирэх оны 2-р сарын 6 хүртэл үргэлжилнэ. Багуудын хувьд бүрэлдэхүүндээ 4 хүртэлх импорт буюу гадаад тоглогчтой байж болох ба эрэгтэй багууд талбайд 2, эмэгтэй багууд 3 импорт тоглогчийг ашиглах боломжтой аж.
🏟️ Шинэ ордон, ширүүн тэмцэл
Энэ улирлаас эхлэн Үндэсний Дээд Лигийн дийлэнх тоглолтууд 3,400 хүний суудалтай Аса Аренад болох бөгөөд тасалбарын дундаж үнэ ₮65 мянгаар борлуулагдаж байна. Өдөрт дунджаар 3 орчим тоглолт явагдах ба суудлын хувьд урд эгнээний болон энгийн гэсэн 2 сонголттой байх аж. Өөр сонирхолтой зүйлсийг харвал:
💰 Спонсорын тоо: Энэ улиралд эрэгтэй багууд дунджаар 6-7, эмэгтэй багууд 3-4 ивээн тэтгэгчтэйгээр тус тус оролцох ба нийт ивээн тэтгэгчдийн тоо 79-д хүрчээ. Эдгээр спонсорууд дунд Шунхлай групп, Энержи Ресурс, Таван Богд Групп, ХААН Банк (KHAN), Ард Даатгал (AIC) гэх мэт томчууд багтаж байна.
🇯🇵 Олимпын од: Алтайн Барс баг Олимпын наадамд тоглож явсан Японы шигшээ багийн тамирчин Юү Кошикаваг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн нь Монголын волейболын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал аж.
Эцэст нь… Өнгөрсөн улирлын аваргууд болох Мегастарс баг дахин аваргаа хамгаалах, эмэгтэй лигийн аваргын аль баг түрүүлэх, лигийн үнэ цэнтэй тоглогчоор хэн тодрох гэх мэт олон үйл явдал волейболын хорхойтнуудыг өдрийн бодол, шөнийн зүүд болоод байна. Манай лимончууд дунд волейбол сонирхдог хэр их хүн байна? 💪🏼