Төрөөс утааг бууруулах олон ажлыг жил бүр идэвхтэй туршдаг ч амжилт гэдэг үгний А үсэгт хүрсэн нь тун ховор. Ямартай ч энэ жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүний хүрээнд утаа болон угаарыг технологийн тусламжтай хянах гэнэ шүү.
📹 Утааг харуулдана
Хотын захиргаанаас агаарын бохирдлын эсрэг тэмцэхээр өглөө, орой бүр агаарын тусламж авахаар болжээ. Тухайлбал, нийслэлийн 3 дүүрэгт өглөө 08-09, орой 20-21 цагийн хооронд хяналтын дрон нисгэж, 3-4 км радиуст байрлах ААН, айл өрхийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжих аж.
😵💫 Хачин зүйлс: Дрон нисгэж утаатай тэмцэхэд бидний ойлгохгүй хачин зүйлс олон бий. Наад зах нь дронууд дүн өвлийн харанхуйд утааг хэрхэн тодорхойлох, уг дронуудыг хэн жолоодох зэрэг нь тун ойлгомжгүй. Магадгүй төрөөс мэргэжлийн дронын нисгэгч бэлтгэх суурь нь ч байж болох юм.
🚨 Угаарыг мэдэрнэ
Энэ өвөл нийслэлээс 45 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулахаар ₮6.5 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд нэг ширхгийн үнийг ₮100 мянгаар тооцон дотоодын компаниас худалдан авахаар тусгагджээ. Том зургаар, УБ хотод 172 мянган айл түлш хэрэглэж байгаагаас одоогийн байдлаар 110 мянга нь угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй аж.
📞 Шуурхай алба: Угаар мэдрэгч нь айлуудаас ирэх дохиог Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд дамжуулж, тус төвөөс 5-7 минутад шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг гэнэ. Галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хий ялгарсан 96 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрт нэг бол утсаар холбогдож, үгүй бол гэрээт ажилтнуудыг газар дээр нь илгээжээ.
Эцэст нь… Монголд урьдчилан таамаглахад хамгийн ойлгомжтой зүйл бол утаа ажээ. Гэвч ийм ойлгомжтой асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь тун харамсалтай. За тэгээд энэ жилийн онцлох ажил нь сайжруулсан шахмал түлш дээр нэмэх нь технологийн дэвшил буюу дронын хяналт, ухаалаг угаар мэдрэгч төхөөрөмж болж байна даа.