Багш нарын цалинг нэмсэн нэмээгүй, цалин нь хүрсэн хүрээгүй, нэмээд тор хүнс авахад ₮50 мянга болдог байсан, одоо ₮300 мянга хүрэхгүй байна гэсэн постууд олширчээ. Яг юу буруу байна вэ?
📈 2.6 дахин нугарав
2015 онд 1 кг үхрийн цул мах ₮8 мянга байж. Харин одоо ₮23 мянга. Өөрөөр хэлбэл, одоогоос 10 жилийн өмнө 1 кг мах, сүү, төмс, гурил, будаа, талх, өндөг, ургамлын тос гээд огт тансаг биш энгийн л хэрэглээгээ хангахад ₮20 мянга хангалттай байж. Харин одоо ₮50 мянга хэрэгтэй.
📌 Сүүлийн 5 жилийн хямрал: Дээрх зөрүүний ихэнх хэсэг нь сүүлийн 5 жилд үүссэн. Тодруулбал, уг 8 барааны нийт үнэ 2015 оноос 2020 он хүртэлх 5 жилд ердөө ₮6 мянгаар нэмэгдсэн бол 2020 оноос өдийг хүртэлх 5 жилд ₮27 мянгаар нэмэгдсэн хэрэг.
🔍 Хямралын цаана
Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг болон цалин нэрлэсэн утгаараа л өсөж буй. Гар дээр тоологдох нь хэвэндээ шахуу. Учир нь энэ хугацаанд нүүрсний үнэ унаж, геополитикийн олон асуудал тулгарснаар инфляц өдөөгдсөн. 2021 оны сүүлээс 2023 оны 9-р сар хүртэл инфляцын түвшин 2 оронтой тооноос буугаагүй байх жишээний. Ингэснээр ₮-ийн хүч суларч импортын бараа үнэд орсон.
‼️ Улмаар нэг талд барааны үнэ 113% өссөн хэдий ч нөгөө талд бодит цалин ердөө 37% өссөн байгаа юм. Цалингийн өсөлтийн 61% нь инфляц, үнийн өсөлтөд идэгдсэн аж.
🔻 Асуудлаас асуудал
Өнгөрсөн 5 жилд түмэн асуудал ар араасаа богино хугацаанд хурцаар хөндөгдөв. Улс төр хэд эргэж, барааны үнэ 2, 3 нугарч, нүүрсний үнэ хэдэнтээ шал арчиж, авлигын асуудал улам хурцадлаа. Нэг асуудлаас нөгөө асуудал үүссээр тоолж барахгүй олон болж. Одоо бидэнд сайн шийдэл чухал. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шатахууны нөөц, багш эмчийн цалин, баялгийн хулгай гээд одоо цагт тулгарч байгаа асуудлуудад шийдэл эрэлхийлэв. Олон ч ажлын хэсэг нэмэгдэж байна. Гол нь хэмжигдэхүйц үр дүн хэрэгтэй.
Эцэст нь… Асуудал байгааг хүлээн зөвшөөрч сайн шийдлийг хурдан хэрэгжүүлэхгүй бол эцсийн дүндээ бидний худалдан авах чадвар буурч, түрийвч нимгэрч, итгэл унтарч байна даа.