2021 он бондын, 2023 он хувьцааны жил байлаа. Харин 2025 он Засгийн газрын үнэт цаасны жил болохоор байв. Гэтэл яг үнэндээ…
🇲🇳 Үлгэр Монголд…
Он гарснаас хойш ямар нэгэн компани IPO хийгээгүйн дээр одоо байгаа ХК-иудын зарим нь буцаад хаалттай болж, зарим нь ашигтай ч ажиллахаа больсон. Улмаар он гарснаас хойш зах зээлийн үнэлгээ ч арилжааны идэвх ч нэлээд сулраад буй. Ингэж унтаа байдалд орсон хөрөнгийн зах зээл (ХЗЗ)-ийг ЗГ дотооддоо үнэт цаас гаргаж сэргээх шийдвэр гаргасан. Нойрсож буй гүнж нь ХЗЗ, ханхүү нь ЗГҮЦ гэх юм уу даа.
💋 ₮60 тэрбумын үнсэлт: Лхагва гаргийн 10 цагаас ЗГ-ын ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, ₮4 тэрбумын үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ. Угаас энэ мэтээр сард ₮20 тэрбум буюу улиралд ₮60 тэрбумын арилжаа явагдаж буй.
🧐 Яг үнсэж сэрээсэн үү? Энэ оны эхний 9 сарын нийт арилжааны дүнг харвал жилийн өмнөхөөсөө ₮425 тэрбумаар буюу 1.8 дахин багассан байна. Тэр дундаа хувьцааны арилжаа 2023 оны мөн үе буюу оргил цэгээс 3.2 дахин буурсан. Ийм байхад ЗГҮЦ-ны ₮97 тэрбумын арилжаа үнэхээр зорьсон шигээ үр дүнтэй байсан гэхэд бэрх.
📌 Гэрээ засах, биеэ засах засвар их
Энэ онд ХЗЗ дээр нээлттэй компани нэмэгдээгүй хэр нь эсрэгээрээ хаалттай болох шийдвэр гаргасан компаниуд олшров. Үүний нэг нь 6 жил алдагдалтай ажилласан Говь ХК (GOV). Гэвч СЗХ-ноос тэдний Гоёо ХХК-тай хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн, улмаар төлөх үндэслэлгүй байсан өрийг төлж алдагдалтай ажиллах замаар 25 мянган жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон гэж үзэв.
Эндээс харахад, бид хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг болон гаднын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх нэмээд хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай байгаа нь илт. МХБ (MSE) дээр бүртгэлтэй байгаа хөлдөөс болсон хөдөлдөггүй компаниудыг цэгцэлж, хөрөнгө оруулагчдыг татдаг, ажилладаг хөшүүрэг бий болгохгүй бол ганц нэг ЗГҮЦ сэргэлт өгөхгүй нь ойлгомжтой байна даа.