Технологийн дэвшлийн сүүдэрт үлдэх нэг сөрөг нөлөө бол дэлгэцийн хамаарал билээ. Дийлэнх хүмүүс үүнийг хүүхэд, залуусын асуудал гэж боддог ч хөрсөн дээр буухын цагт өөр бололтой.
👵🏻 Ахмадууд илүү ашигладаг
Өмнө нь ахмад настнууд дижитал технологиос хоцрогддог байсан бол одоо бусад үеийнхнээс дутахгүй, бүр илүүтэй технологитой хөл нийлүүлж эхэлжээ. Тухайлбал, GWI-н судалгаанд 65-аас дээш насныхан 25-аас доош насныхнаас илүүтэйгээр ухаалаг утас, таблет, телевизор, компьютер зэргийг ашигладаг гэх үр дүн гараад байна.
💰 Бизнесийн анхааралд: Технологийн томчууд ч ахмад үеийнхнийг энэхүү хэрэглээг овоо хараандаа оруулах болсон аж. Apple (AAPL)-н хувьд AirPods-г сонсголын аппаратаар, Apple Watch-г зүрхний цохилт хэмжих, түргэн тусламж дуудах зэргээр хэрэглээнд нэвтрүүлжээ. Үүний нөлөөгөөр, гаднын зах зээлд гэхэд 65-аас дээш насныхны 17% нь ухаалаг цаг зүүх болов.
🎮 Тоглоомын дон: 2019 онд Их Британид өсвөр үеийнхэнд зориулсан Видео тоглоомын донтолтын эсрэг үндэсний төв нээгдсэн ба үүнээс хойш жил ирэх бүр өсвөр үеийнхэн бус ахмад настнууд тус төвд ирэх болжээ. Сонирхолтой нь 55-64 насныхны 1/5 нь видео тоглоомын удирдлагатай гэнэ шүү.
🪤 Ухаалаг утасны урхи: Технологиор тэргүүлэгч Өмнөд Солонгост 2022 онд хийсэн судалгаагаар 60-69 насныхны 15.5% нь ухаалаг утсанд донтох өндөр эрсдэлтэй гэжээ. Мөн бусад судалгаагаар, Японы ахмадууд дэлгэцийн хугацаа урт байх нь хөдөлгөөний идэвхийг буурдаг, Хятадын ахмадууд дэлгэцийн хэт их хэрэглээ дутуу нойртой холбоотой болохыг тогтоосон аж.
Эцэст нь… Хэдүүлээ хүүхдүүдийг утсаа бага оролдох хэрэгтэй хэмээн хэлэхийн зэрэгцээ ахмадууддаа ч анхаарал хандуулах хэрэгтэй юм байна шүү. Дэлхийн энэ чиг хандлага Монголд ч ялгаагүй мэдрэгдэж байх талтай. Гол нь уншигч та хүүхэд ч бай хөгшид ч бай ойр дотнын нэгэндээ үргэлж цаг зарцуулах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.