Өнгөрсөн 7 хоногт Америкт болсон FBI-н баривчилгаа спортын ертөнцийг шуугиулаад амжлаа. Тухайлбал, 11 мужаас 34 хүнийг хууль бус мөрийтэй тоглоом, мөнгө угаасан хэргээр баривчилсан бөгөөд үүний 3 нь NBA-н тоглогч, тамирчид гэнэ дээ.
🏀 Бооцоот тоглоом
NBA нь 2018 оноос бооцоот буюу мөрийтэй тоглоомын платформуудтай албан ёсоор хамтарч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хамтрагч платформын тоо 17-д хүрээд байна. Том зургаар спорт мөрийтэй тоглоомын зах зээлийн үнэлгээ 2024 онд $13.7 тэрбумд хүрсэн нь түүхэн дээд дүн болж тэмдэглэгджээ.
🎰 50 төрөл: NBA-н тоглолтууд дээр мөрий тавих боломж жилээс жилд нэмэгдэж байгаа ба нэг тоглолтод дунджаар 50 орчим төрлийн бооцоо тавих боломжтой аж.
🕵🏻♂️ Хэргийн мөрөөр
FBI-с нээсэн уг хэрэгт NBA-н Portland Trail Blazers багийн дасгалжуулагч Чонси Биллапс, Miami Heat багийн тоглогч Терри Розиер болон өмнө нь тоглогч болон дасгалжуулагч хийж явсан Дэмон Жонс нар холбогдоод байна. Ингэхдээ Терри Розиер, Дэмон Жонсоныг мөрийтэй тоглоом, тоглолт тохиролцсон хэргээр, Чонси Биллапсыг мафитай холбоотой покерын хэрэгт сэжиглэжээ.
🇮🇹 Мафийн оролцоо: Хууль бус покерт Нью-Йорк хот дахь Gambino, Lucchese, Bonanno, Genovese зэрэг Италийн мафийн бүлэглэлүүд холбогдож, алдартай хүмүүсээр түрүү барин X-ray ширээ, тусгай хөзөр, линз гэх мэт төхөөрөмж ашиглан хүмүүсийг мөнгийг залилж байжээ.
⏰ Өмнөх түүх:Тоглолт тохиролцох нь NBA-н хувьд тийм ч шинэ хэрэг биш. Хамгийн сүүлд гэхэд Toronto Raptors багт тоглож байсан Жонтей Портер нь өөрийн тоглолтын статистик дээр мөрий тавьсан нь тогтоогдож NBA-с насан туршдаа хөөгдөж байв.
Эцэст нь… NBA-тэй холбогдсон дуулиант хэргийн талаар энэ сар дуусахаас өмнө Цагаан ордноос NBA-н комиссар Адам Силверийг тайлбар өгөхийг шаардаад байна. За тэгээд спортын хамгийн сайхан нь шударга өрсөлдөөн байхад ийм хэргүүд гараад байх нь онцгүй юм даа. 😔