Сүүлийн өдрүүдэд улс төрийн зодоон олон хүний анхаарлын төвд ороод байгаа ч үүнийг хангалттай давах мэдэгдэл гарсныг хэн хүнгүй мэдсэн байх. Энэ бол CS тоглоомын дэлхийн шилдгүүдийн нэг Senzu түр хугацаанд завсарлага авсан явдал байлаа.
⭐️ Залуу одын шийдвэр
Тэртээ 2023 оны 9-р сард The MongolZ-н бүрэлдэхүүнд нэгдсэн өдгөө 19 настай Senzu нь багийн тоглогчид болон менежментийн багтайгаа хэлэлцсэний үндсэн дээр “Inactive” статус буюу сэлгээ рүү шилжжээ. Энэ нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн CS сонирхогчдыг шуугиулсан бөгөөд X дээр гэхэд тус мэдэгдлийг 7.4 сая хүн үзсэн аж. Сонирхуулахад, 2025 онд ТОП-10 багуудын сэлгээнд орсон тоглогчдын дундаас хамгийн залуу нь Senzu байв.
🏆 Амжилтын түүх
Senzu буюу Азбаяр нь The MongolZ-той хамт дэлхийн аварга шалгаруулах Major тэмцээнд 3 удаа оролцож, сүүлд зохиогдсон BLAST.tv Austin Major 2025-ын дэд аваргаар шалгарсан. Мөн томоохон тэмцээнд тооцогдох Esports World Cup 2025, Thunderpick World Championship 2024, YaLLa Compass 2024-т түрүүлжээ. Одоогийн байдлаар түүний мэргэжлийн замналдаа тэмцээнүүдийн шагналын сангаас авсан мөнгөн дүн $453.8 мянгад хүрээд байна.
🚀 Стикер пуужиндав: Сэлгээ рүү шилжсэн мэдээний дараа, өчигдрийн 17 цагийн байдлаар Senzu-н Major тэмцээнд гаргаж байсан стикер болон пайзны үнэ дунджаар 20 дахин өсөж $15.6-оор худалдаалагдах болжээ. Хамгийн үнэтэй нь болох BLAST.tv Austin Major 2025-н пайз 135.5 дахин ихсэж $93.5-т хүрсэн аж.
📉 Зах зээлийн уналт
The MongolZ-той холбоотой мэдэгдлээс гадна CS2 тоглоомын шинэчлэл салбарыг шуугиулаад амжлаа. Тухайлбал, CS2 тоглоомын скин зах зээлийн үнэлгээ саяхан $6 тэрбумд хүрээд байсан бол шинэчлэлээс хамаарч нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээ 28.4% унаж $4.3 тэрбумд хүрчээ. Тус тоглоомыг тоглох дуртай хүмүүст сүүлийн шинэчлэл тийм ч таалагдаагүй бололтой.
Эцэст нь… Хүмүүсийн дунд Senzu-г ямар тоглогч орлох болон Senzu-н дараагийн алхам юу байх бол гэсэн 2 асуулт үүссэн. Ямартай ч эхний асуултын хариу олдож, удахгүй болох IEM Chengdu тэмцээнд The MongolZ туршлагатай тоглогч controlez-г түр орлон тоглогчоор оролцуулахаар шийджээ. Харин одоо сүүлийн асуултын хариу хэзээ тодорхой болохыг хүлээх л үлдлээ. 👀