Энэ долоо хоногийн эхээр Amazon (AMZN)-н AWS үйлчилгээ доголдсоны улмаас олон мянган вэбсайт, платформын үйл ажиллагаа хэсэг хугацаанд саатжээ. Үүний улмаас дэлхийн хэмжээнд нэг цагт ойролцоогоор $75 саяын хохирол учирсан гэнэ дээ.
📉 Дата төвийн саатал
Өнгөрсөн Даваа гарагт Хойд Америкт байрлах $AMZN-н US-EAST-1 дата төвд гэмтэл гарч, ойролцоогоор 2-3 цагийн турш доголдсон аж. Тус гэмтэлтэй холбоотой Zoom (ZM), Roblox (RBLX), Reddit (RDDT), Duolingo (DUOL) Canva, Slack гэх мэт олон технологийн томчуудын үйл ажиллагаа тасалджээ. Тус доголдол нь дэлхийн үүлэн технологийн хэрэглээний 1/3-ийг хамарсан гэж шинжээчид үзээд байна.
🕸️ Аварга сүлжээ: $AMZN-н AWS-г дэлхий даяар 76 орчим сая вэбсайт үйлчилгээндээ ашигладаг ба үүнээс 20 мянга гаруй вэбсайт нь сар бүр $1 саяас дээш орлоготой томоохон вэбсайтууд аж.
💰 Ашигтай бизнес
Одоогоос 23 жилийн өмнө технологийн акул $AMZN үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр AWS-г хөгжүүлсэн. Үүнээс хойш дан ганц $AMZN гэлтгүй олон компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэхээр AWS-г ашиглах болсон аж. Сонирхуулахад, өнгөрсөн улиралд AWS нь $AMZN-ны үйл ажиллагааны орлогын 53.1% буюу $10.2 тэрбумыг бүрдүүлжээ.
1.6%-ийн өсөлт: Хэдий $AMZN-н дата төв доголдсон ч компанийн нэгж хувьцааны үнэ тухайн өдөр 1.6% өсөж $216.5-т хүрчээ. Энэ жил ихэнх технологийн томчуудын хувьцааны үнэ өсөөд байгаа бол $AMZN-н нэгж хувьцааны үнэ оны эхнээс 1.3% буурсан хэвээр байна.
Эцэст нь… Монгол технологийн компаниуд ч үйл ажиллагаандаа AWS-г түгээмэл ашигладаг. Тус гэмтлийн улмаас тэдний үйл ажиллагаа бага зэрэг саатсан бололтой. За тэгээд энэ үйл явдал интернетийн дэд бүтэц хэт төвлөрснөөр дэлхийн хэмжээний доголдол үүсэх эрсдэл өндөр болохыг харуулж байна. 🫣