Энэ оны III улирал дуусаж, ХК-иуд ээлж дараатайгаар тайлангаа танилцуулж байна. Тэгвэл банкны салбарт тэргүүлэгч ХААН Банк (KHAN)-ны үзүүлэлт яаж өөрчлөгдсөнийг харцгаая. $KHAN-н хөрөнгө оруулагчид сайтар анхаараарай.
📈 Санхүүгийн үзүүлэлт: Тавлаг сайхан
Санаж байгаа бол энэ оны эхний хагас жил ТОП-5 банкны заримынх нь хувьд тийм ч таатай байгаагүй. Тодруулбал, 3 банкны цэвэр ашиг 20%-35%-ийн хооронд буурсан юм. Харин $KHAN-н цэвэр ашиг 21.8% өссөн билээ. Тэдний цэвэр ашиг энэ оны III улиралд ч жилийн өмнөхөөсөө өсөлттэй гарсан буюу 14% өсөж ₮529.1 тэрбум болжээ. Тэгэхээр нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь ₮276.7 болсон хэрэг.
📌 Алгуураар, тогтмол өснө: Цаашлаад тус банкны нийт хөрөнгө 2024 оны III улиралд ₮20 их наядын босго давж байв. Харин энэ жилийн мөн үед 9.5% нэмэгдэж ₮21.9 их наяд болсон байна. Нийт хөрөнгийн өсөлтөд цэвэр зээлийн хэмжээ ихээхэн нөлөөтэй. Энэ утгаараа $KHAN-н цэвэр зээл жилийн өмнөхөөсөө 24.8% өсжээ.
🔺Хадгаламж өсөв: Нэмээд тус банкны харилцах болон хадгаламжийн хэмжээний өөрчлөлтийг харвал, тайлант хугацаанд харилцахын хэмжээ ялимгүй буурсан бол хадгаламжийн хэмжээ 5.3% нэмэгдсэн аж.
🧐 Хувьцаа яав?
Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ намар тийм ч налгар биш байлаа. Тэр дундаа ТОП-20 компанийн 14-ийнх нь хувьцааны үнэ унасан. Харин $KHAN-н үнэ өсөлтөөрөө 3-рт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, оны эхнээс 12%, жилийн өмнөхөөсөө 27.3% өссөн хэрэг.
Эцэст нь… Манай зах зээлд үйл ажиллагаа нь тогтвортой, ашиг орлого нь тогтмол нэмэгддэг, сайн жишгээр ажиллаж байгаа компани ховор. Иймдээ ч жижиг хөрөнгө оруулагчид ТОП-20 компани руу хошуурч буй. ХААН Банкны жижиг хөрөнгө оруулагчдын тоо л гэхэд сүүлийн 2 жилд 28.7% нэмэгджээ. Энэ тоо цаашид ч өсөх биз ээ. Зах зээлийг өнгөлдөг ийм компаниудын тоо өшөө олон болоосой.