АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Samsung-н чипийн бизнес сэргэж байна

 

Samsung Electronics (005930.KS)-н чипийн бизнес сэргэснээр өнгөрсөн онд үйл ажиллагааны ашиг нь өсөх өсөхдөө бүр 932.8% өсжээ. Компанийн чипийн бизнес  өнгөрсөн онд уналтад орж $10 тэрбумын алдагдал хүлээж байсантай харьцуулахад нэлээн өндөр өссөн байгаа биз?

Чип дээр л амь амьдрал тогтож байна даа

Компанийн орлого өнгөрсөн улиралд 12.8% өсөж $52 тэрбумд хүрэв. Улмаар ашиг нь $4.8 тэрбум болоод буй. Тус өсөлтөд гар утасны бизнесийнх нь орлого нэмэгдсэн, тэр тусмаа Samsung Galaxy S24 талх шиг борлуулагдсан болон чипийн бизнес нь 2022 оноос хойш анх удаа ашигтай ажилласан нь нөлөөлсөн аж. Задлан харвал,

Хамгийн том нь: Samsung-н орлогын хамгийн их хувийг гар утас, компьютер, таблет болон бусад төхөөрөмжийн бизнес нь эзэлдэг бөгөөд тус улиралд $24 тэрбумын орлого олсон аж. Түүгээр ч зогсохгүй саяхан Samsung дэлхийн гар утасны томоохон үйлдвэрлэгч болж нийт зах зээлийн 20.8%-ийг эзлэх болсноор Apple (AAPL)-г даваад буй.

Утас нь угаасаа эрэлттэй! Компани 13 жилийн турш гар утасны зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг хадгалж ирсэн ч Apple өнгөрсөн онд үүлэн чөлөөний нар шиг тэдний титмийг булаасан байдаг.

Чип: Чухал саалийн үнээ

Цаашлаад, Samsung Electronics санах ойн чипийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг төдийгүй NAND, DARM зэрэг санах ойн чип нь хиймэл оюун ухаан (AI) сургахад нэлээн хэрэгтэй орц болдог гэнэ. Тэгэхээр AI эрчийг авч эрэлттэй болохын хэрээр тус чипүүд ч эрэлттэй болох юм. Тиймээс ч тэд чипийн уралдаанд хаягдаж үлдэхгүйн тулд компани онц байдлын үеийн бодлогод шилжин ажиллаж байгаа.  

Өрсөх хэрэгтэй: Улмаар компанийн удирдах ажилчид 7 хоногт 6 өдөр ажиллахаар болсон. Чипийн салбар дахь өрсөлдөөн ширүүсэж байгаа тул Samsung TSMC (TSMC34.SA), Nvidia (NVDA) зэрэг өрсөлдөгч нараасаа хоцрохгүйн тулд ийн шийдвэрлэсэн аж. Үүнээс Samsung чипийн бизнесээ хэр чухалчилж буй нь харагдах шиг. 

За, Samsung-н I улирлын тайлан нэг иймэрхүү. Samsung гэснээс тус компанийн хамтын ажиллагаа болон стратеги төлөвлөлтийн хэлтэст Ахлах менежерээр P.Эрдэнэтулга гээд Монгол залуу ажилладгийг мэдэх үү? Тэрбээр өмнө нь Morgan Stanley (MS)-д ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ. Дэлхийн томоохон компанид ажиллаж буй Монгол залуугаар нийтлэлээ чимчихье.