Спортын түүхэнд гаргасан амжилтаараа домог болсон тамирчид олон ч хөрөнгөөрөө тэрбумтан болсон нь саяхныг хүртэл гарын 5 хуруунд багтаж байлаа. Тэгсэн шинэхэн тэрбумтан төрөн гарч, энэ тоо 6 болсон гэнэ дээ.
🙌🏻 Тавтай морил
Домогт Кристиано Роналдогийн нийт хөрөнгө $1.4 тэрбумд хүрснийг Bloomberg-с мэдээлээд байна. Тэрээр 2002-2023 он хүртэлх хугацаанд $550 саяыг зөвхөн цалингаасаа олжээ. Мөн сурталчилгааны орлого тэр дундаа Nike (NKE)-тэй байгуулсан гэрээний хүрээнд жил бүр дунджаар $18 саяыг олсон аж.
✍🏻 Тэрбумд хөтөлсөн гэрээ: Роналдо нь 2022 онд Саудын Арабын Аль-Насср багтай жилийн $237.5 саяын гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн 6-р сард гэрээгээ сунгаж дахин 2 жилийн гэрээ байгуулж, нийт хөрөнгөө $400 саяар нэмэгдүүлжээ.
🐐 Нөгөө домог: Түүний гол өрсөлдөгчдийн нэг Лионель Мессигийн хувьд тоглох хугацаандаа $600 саяыг олсон ба 2023 оноос хойш Америкийн Интер Майми багт тоглохдоо жилийн $20 саяын баталгаат цалин авсан аж.
💰 Чинээлэг 6
Өмнөх гарын 5 хуруунд багтаж байсан тамирчид бол домогт Майкл Жордан, Мэжик Жонсон, Леброн Жеймс, Тайгер Вүүдс болон Рожер Федерер нар. Эдгээр 5 тамирчдын 3 нь сагсан бөмбөгийн спортынх бол Тайгер Вүүдс гольф, Рожер Федерер газрын теннисний тамирчид юм. Роналдогийн хувьд анхны хөлбөмбөгийн спортоос төрсөн тэрбумтан болж буй гэдгээрээ онцлог.
🥃 Шуугиант мэдэгдэл: Өдгөө 23 дахь улиралдаа тоглож буй Леброн Жеймс саяхан сенсацтай мэдэгдэл гаргасан. Тэрээр зодог тайлах талаар бичлэгээ өөрийн цахим хуудсандаа оруулсан ч тэр нь үнэндээ "The Decision" хэмээх Hennessy-н шинэ сурталчилгаа болоод дуусжээ.
Эцэст нь… 2023 оноос хойших Мессигийн нийт авсан цалин нь Роналдогийн цалингийн ердөө 10%-д ч хүрэхгүй дүн аж. Гэвч Мессигийн Интер Маймитай хийсэн гэрээнд зодог тайлсны дараа багийн хувь эзэмших, Apple TV-н хөлбөмбөгийн шууд дамжуулалтын орлогоос хувь хүртэх зэрэг заалтууд багтсан. Тэгэхээр Мессигийн тэрбумтан болох нь зөвхөн цаг хугацааны асуудал бололтой. ⏳