Монголчуудын сарын дундаж цалин ₮2.2 сая байгаа. Харин томоохон уул уурхайн төсөл хэрэгжиж буй аймгуудын дундаж цалин энэ тооноос нэлээд өндөр байна.
Яагаад?
Уул уурхайн томоохон төслүүд орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгож, ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлж байгаа. Эдгээр төслүүд нь ихэвчлэн инженер, геологи, машин механизмын ажиллагаа зэрэг тусгай ур чадвар шаарддаг ажлын байрны эрэлт их байдаг тул өндөр цалинтай байдаг. Тиймээс уул уурхайн томоохон төслүүд нь тухайн бүс нутгийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд ихээхэн нөлөө үзүүлж буй. Тодруулъя. 👇
+₮650 мянга
Уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж буй аймгуудаас дурдвал Орхонд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Өмнөговьд “Оюу толгой” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа. Улмаар Орхон аймгийн дундаж цалин улсын дунджаас 29.1% өндөр буюу ₮2.9 сая, Өмнөговийнх 23.5% илүү буюу ₮2.8 сая байна.
Ядуурал бага: Тус аймгуудад цалин өндөр гэдэг утгаараа ядуурал ч бага. Тодруулбал, ядуурлын хамралтын хүрээ улсын дунджаар 27.8% байхад Өмнөговьд хамгийн бага буюу 16.4% байгаа юм.
Өндөр цалин ➡️ Өндөр бүтээмж
Түүнчлэн уул уурхайн салбарын 1 ажилтны бүтээмж өнгөрсөн онд 16% өсөж жилийн нийлбэр дүнгээр ₮60 саяд хүрэв. Энэ нь улсын дунджаас 2.4 дахин их үзүүлэлт. Тиймээс уул уурхайн салбарын ажилтнуудын 64.7% нь Оюу толгой шиг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажиллах хүсэлтэй байгаа аж.
Бусад үзүүлэлтүүд…
Цаашлаад Өмнөговь болон Орхон аймгийн иргэдийн ногоон эдийн засгийн ойлголт, амьдралын чанар, хүний хөгжлийн индекс, хүн амын дундаж наслалтын индекс улсын дунджаас илүү байна. Түүнчлэн уул уурхайн бүсийн иргэдийн амьжиргааны түвшин бусад аймагтай харьцуулахад 10% орчмоор өндөр аж. Энэ ч утгаараа, Өмнөговь болон Орхон аймгийн иргэдийн нийт хадгаламжийн хэмжээ 21 аймгийн нийт хадгаламжийн 17.7%-ийг бүрдүүлж байгаа юм.
Эцэст нь… Уул уурхайн салбар манай улсын ГШХО, ДНБ-д томоохон түлхэц болохоос гадна нийгэм өрхийн сайн сайхан байдалд ч шууд нөлөө үзүүлж байна даа.