Америкийн Төрийн департментаас гаргадаг улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ шинэчлэгдэн гарлаа.
🗞️ Тойм
Монголын хөрөнгө оруулалтын орчныг 1 өгүүлбэрээр тодорхойл гэвэл “Сонирхлын татаад байгаа хэр нь хөрөнгө татах дээрээ таг”. Сонирхол татаж буй эерэг тал нь гаднын хөрөнгө оруулагчид зах зээлд нэвтрэхэд амар, хөрөнгө оруулалтын хязгаарлалт багатай, харин сул тал нь бүх шатанд эрх баригчид нь чихгүй мэт ажилладаг гэнэ ээ.
🙈 Тодруулбал, ямарваа маргааныг шийдвэрлэх, мухарлах үйл явц, хугацаа нь асар удаан төдийгүй хууль тогтоомж боловсруулахдаа оролцогч талуудын саналыг сонсдоггүй гэдгээрээ маш сул талтай. Монголд гаднын хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэхэд хамгийн ихдээ 16.2 жил, дунджаар 6 жилийг зарцуулдаг гэхээр асуудал болохоос яах вэ.
📆 Энэ жилд гэхэд “Оюу толгой” ХХК, Kincora Copper, SouthGobi гэхчлэн татварын маргааны асуудлууд нэлээдгүй дуулдсан даа.
🔔 Том айдас: Ачна! Хураана! Хаана!
Дээрх үгс бол дотоод, гадаадгүй л Монголд бизнес эрхэлж буй хүмүүсийн сүнсийг дуудаж байна. Тайланд хөрөнгө оруулагчдын өмчлөх эрхэд халдах, өмчлөх эрхийн эсрэг үйл ажиллагаа нэмэгдэж буйг өнгөрсөн жил батлагдсан Үндэсний баялгийн сангийн хууль, тэр дотроо 16 ордыг стратегийн орд гэж үзээд 34%-ийг нь авахаар зүтгэж буйтай холбосон харагдав.
Гэтэл нөгөө талд, сүүлийн үед бидний хөгжлөө харьцуулан харах дуртай болсон Казакстан 2021 онд төрийн оролцоог 2025 он гэхэд 14% бууруулах зорилт тавьж байсан. Магад сүүлийн 2 жилд эрчимтэй гаднаас хөрөнгө татаж, энэ оны эхэнд гэхэд Монголоос 9 дахин буюу $166 тэрбумын хөрөнгийн урсгал татсан нь тус бодлогын үр шим байж болох юм.
➕ Дээрээс нь тэдний Council for Attracting Investments болон Kazakh Invest агентлагууд нь хөрөнгө оруулагчдад виз, бүртгэл, маргаан шийдвэрлэлтэд тусалж, хөрөнгө оруулагчдын асуудлыг мэдэгдэхүйц хөнгөвчилж байна. Манайд Эдийн засаг хөгжлийн яамны харьяа ийм төв байдаг гэх ч яаж ажилладаг нь тодорхойгүй.
Эцэст нь… Улс төрчдийн попрол, эрх ашиг хэзээнээс л хөрөнгө оруулагчдыг хохироож ирсэн. Цаашид, хөрөнгө оруулагчидтай харьцах тоглоомын дүрмээ тодорхой болгож, асуудлаа шийдэхгүй бол буйран дээрээ 3 эргэдэг төр засагтай гэдгээрээ алдаршиж дуусах нь.