Бодлого бодъё. Танд одоо ₮175.4 мянга байгаа. Таны мөнгө хагас жилд дунджаар ₮52.9 мянгаар нэмэгдэж, 10 жилийн дараа ₮1.3 сая болно. Та үүгээр юу хийх вэ?
🔍 Ямар учиртай мөнгө вэ?
Өнгөрсөн онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр бид бүхний хуримтлалын санд ₮495.6 тэрбумын ногдол ашиг төвлөрсөн. Нэг хэсэг E-Mongolia дээр зурайтал гарч ирж байсан даа. Өөрөөр хэлбэл, 2024 онд иргэн бүр хуримтлалын сангийн дансандаа ₮138.9 мянгатай болсон хэрэг. Харин энэ оны эхний хагаст ₮36.3 мянга нэмэгдэж ₮175.2 мянга болоодхож.
🐧 Хаанаас орж ирэв? Хуримтлалын сангийн хөрөнгийн эх үүсвэр нь уул уурхайн төрийн өмчит хувьцаат компаниудын олсон ашгийн тодорхой хэсгээс бүрдэж буй. Тодруулбал, эдгээр компанийн 34% хүртэлх хэсгийн ногдол ашгийг улсын хэмжээнд төвлөрүүлж уул уурхайн баялгийн өгөөжийг зөвхөн төсөвт төвлөрүүлэх бус, иргэн бүрд хүртээх гэсэн санаа.
🧐 Энэ хуримтлал ашигтай юу?
Одоогийн хурдаар буюу 2024 оноос хойш хуримтлагдсан дүнгүүдийн нэмэгдлээс харахад, иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс дахь дүн 2033 онд л чүү ай ₮1 саяыг давж, одоогоос 10 жилийн дараа ₮1.3 сая л болох нь. Эсрэгээрээ жилдээ ₮200 мянгыг л хадгаламждаа хийхэд 10 жилийн хугацаанд ₮3.5 сая болно. Тэгэхээр нэг талаасаа үндэсний баялгийн сан, хуримтлалыг ажилладаг болгож байгаа нь сайшаалтай ч хуримтлагдаж байгаа дүн нь чамлалтай байгаа юм.
👀 2025 оны хувьд Хуримтлалын санд ₮507.1 тэрбумын ногдол ашиг төвлөрүүлэхээр хуульчилсан. Гэвч эхний хагас жилд үүний дөнгөж 26% нь төвлөрсөн гэхээр оны төгсгөлд төлөвлөгөөндөө хүрэхэд хэцүү харагдаж байна.
🔻 Эх үүсвэр нь дампуу: Нөгөө талаас тус сангийн хөрөнгө уул уурхайн ТӨК-иудын 34%-ийн ногдол ашгаас л бүрдэж байгаа тул орлого өсөх баталгаагүй. ТӨК-иудын алдагдлыг бодсон ч нүүрсний салбарын уналтыг бодсон ч сангийн орлогын эх үүсвэрийг тэлэх шаардлагатай.
Эцэст нь… Бид нэг үеэ бодвол нийтээрээ хуримтлалтай болоод байгаа ч ₮1 саятай болохын тулд 10 жилийг зарцуулна гэдэг арай л хайран. Гэхдээ мэдээж уул уурхайн ТӨК-иудын ашиг орлого сайжирвал энэ дүн нэмэгдэх боломжтой. Тэгэхээр нэг бол сангийн орлогын эх үүсвэрийг тэлэх, эсвэл ТӨК-иудын орлого ашиг нэмэгдэх л хэрэгтэй болж байгаа юм. Гол нь энд хуримтлагдсан мөнгийг ипотек гэх мэтэд зарцуулчихгүй л байгаасай.