АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монгол x Их Британийн шинэ эриний хамтрал

Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны айлчлалаар Монгол болон Их Британи газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдав. Юу болох гээд байна?  

Их Британийн Төв Ази дахь түншлэл: Дэвид Камерон Монголоос гадна Казакстан, Киргизстан, Узбекстан тэргүүтэй Төв Азийн 5 орноор айлчлал хийж буй. Тус айлчлалын гол зорилго нь Төв Ази дахь тэдгээр орнуудад Их Британийн бизнесийг дэмжих, хараат бус, бие даасан байдлыг сайжруулахад чиглэх бөгөөд нийт £50 саяын тусламж үзүүлэх гэнэ.  

Хамтын ажиллагааг ахиулах замын зураглал

Тус айлчлал Их Британийн талаас Монголд 11 жилийн дараа гадаад харилцааны сайдын түвшний айлчлал хийсэн нь онцлог тохиосон юм. Айлчлалын үр дүнд талууд Монгол болон Их Британийн дипломат харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалыг үзэглэв. Ингэснээр 2 орны хамтын ажиллагаа худалдаа, боловсрол, соёл, байгаль орчин, ШУ, геологи, эрүүл мэнд тэргүүтэй чиглэлд гүнзгийрэх суурь болж буй. 

Ховор металлаа манайд нийлүүлээрэй!

Энэ дундаас хамгийн чухал нь Монгол болон Их Британи газрын ховор металлын чиглэлд хамтран ажиллахаар болсон явдал байв. Тухайлбал, 

Суурь баримт бичиг: Талууд тус чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж газрын ховор металлын нөөц тогтоох, судалгаа хийх буюу худалдаа, хөрөнгө оруулалтын суурь баримт бичигтэй болов.

Хэнд ховор металлаа нийлүүлэхээ сайн бодоорой! Түүнчлэн Дэвид Камерон Монгол дахь айлчлалынхаа үеэр “Монгол эдийн засгаа өсгөе, иргэддээ үр шимийг нь хүртээе гэвэл ардчиллыг сонгох хэрэгтэй төдийгүй газрын ховор металлаа хэнтэй хуваалцах, хэнтэй хамтран ажиллахаа сонгохдоо чөлөөт эдийн засгийг дэмждэг, ил тод, авлигатай тэмцдэг, Монголд үр шим хүртээх компани болон улс орныг сонгох хэрэгтэй” хэмээсэн юм. Товчоор бол Орос, Хятад руу ховор металлаа нийлүүлэх эсэхээ сайн бод л гээд байх шиг.

Эцэст нь… Өнгөрсөн жил Монгол болон Их Британийн дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ой тохиосон. 2 орны худалдааны нийт эргэлт 2023 онд $65.7 саяд хүрсэн төдийгүй Их Британиас Монголд хийж буй хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшин болох $644 саяд хүрсэн байх жишээний. Хэрэв 2 орон газрын ховор металлын чиглэлээр амжилттай хамтран ажиллаад эхэлбэл Их Британиас орж ирэх хөрөнгө оруулалт илүү нэмэгдэх л шинжтэй байна даа.