Саяхан эрчим хүчний томчуудын нэг BP (BP) салбарынхаа ирээдүйн хэтийн төлвийн талаарх судалгааг танилцуулжээ. Товчхондоо ирэх 2050 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хамгийн ихээр өсөж, нүүрсний хэрэглээ хамгийн ихээр буурах аж.
🕰️ 2050 оны дүр зураг
Одоогийн эрчим хүчний тухай бодлого, хэрэглээний чиг хандлага энэ хэвээр байвал 2050 онд эрчим хүчний хэрэглээ 40 мянган ТВт.ц буюу 2023 оны түвшнээс даруй 40% нэмэгдэх хүлээлттэй байна. Тус өсөлтөд Хятад болон Энэтхэгийн хэрэглээ томоохон нөлөө үзүүлэх аж. Хэрэглээний эх үүсвэрээр авч үзвэл, хамгийн өндөр өсөлт нь 167.7% өсөх сэргээгдэх эрчим хүч, харин хамгийн их бууралт нь 38.9% буурах нүүрс гэнэ.
🇫🇷 Парисын хэлэлцээр: Хэрэв эрчим хүчний салбарын ирээдүй Парисын Хэлэлцээрт заасны дагуу үргэлжилбэл 2050 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 269.1% өсөж, усны эрчим хүчийг оруулаад нийт эрчим хүчний хэрэглээний 61.2%-ийг бүрдүүлэх тооцоолол гарчээ.
🇲🇳 Сонин хачин
Өнгөрсөн долоо хоногт ЗГ-аас Монголд дэлхийд эхний 5-д багтах Арабын Нэгдсэн Эмиратын ACWA Power орж ирэхээр болсныг зарласан. Үр дүнд нь 10 ГВт хүчин чадал бүхий $10 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэхээр болжээ. Үүгээр том хэмжээний эх үүсвэр барьж, дата төвүүдийн эрчим хүчийг хангаж, тодорхой хэмжээг нь экспортод гаргах замаар жил бүр $2 тэрбумын валютын урсгал татах аж.
💊 5D ажиллагаа: Өнгөрсөн 7-р сард зохиогдсон Монголын Эдийн Засгийн Форумын үеэр ЕС Г.Занданшатар ирэх 10 жилд 5D буюу 5 чиглэлээр 2 дахин өсөлт авчрах төлөвлөгөөг танилцуулсан ба үүнд сэргээгдэх эрчим хүчний салбар багтжээ.
Эцэст нь… Ирээдүйд улс орнууд эрчим хүчний бодлогодоо уламжлалт нүүрс болон газрын тосны хэрэгцээг бууруулж, оронд нь сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий, цөмийн энерги зэргийг ашиглах нь цаг хугацааны асуудал бололтой. Харин Монголын хувьд тус трэндтэй хөл нийлүүлж алхаж чадах эсэх сонирхолтой.