Ирэх Бямба гарагт болох МАН-ын бага хурлыг угтуулан Лхагва гаргийн орой Хууль зүйн сайд асан Б.Энхбаярын ноцтой сэдвүүдийг хөндсөн ярилцлага олныг цочирдуулав. Ерөнхий сайдын 100 хоног, УИХ-ын даргын мэдэгдэл гэхчлэн энэ 7 хоногт Монголын улс төр жинхэнэ утгаараа халуурч байна даа.
🤕 Нүүрсний хулгай: II боть
Экс Хууль зүйн сайдын дэлгэсэн олон асуудлаас зөвхөн Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтыг түшиглэн Эрдэнэс Тавантолгой ХК China Energy-тай хийсэн нүүрсний хэлцлийн асуудлыг харвал, анх ЗГ хоорондын хэлэлцээрт нүүрсний үнийг биржийн дундаж үнээр зарахаар тохиролцсон. Гэсэн хэдий ч China Energy-н 5%-ийн хөнгөлөлт эдлэх саналыг ЭТТ ХК-ийн Захирал Х.Мөнхжаргал 50% болгон өсгөж, тухайн үеийн тооцооллоор 1 тн тутамд $100-оор худалдаалах байсан нүүрсийг $53 болтол нь үнэгүйдүүлж гэрээ байгуулсан хэмээсэн юм.
⚠️ Хаана ч байхгүй хямд нүүрс: Нүүрсний үнэ он гарснаас хойш 16.9% унаж, өчигдрийн байдлаар тн тутамд $103.6-оор худалдаалагдаж байна. Өнгөрсөн 4-р сард бүр $93-руу унаж, тухайн үед бөөн юм болж байлаа. Гэтэл ямар ч улсаас эрээд олдохгүй хямд буюу $53-оор 2041 он хүртэл нүүрсээ зарах гэрээ хийсэн нь үнэн бол маргаангүй оны онцлох хулгай болох биз ээ.
🙈 Харахыг хүссэнгүй: Мөн түүний мэдэгдэлд гэрээний нарийн ширийн зүйлсийг ЗГ хийсэн, УИХ ердөө өргөн барьсан гэрээг нь л баталсан буюу нүдээ боож байгаад л гэрээг нь баталчихсан мэт агуулга хөндөгдсөн.
😶🌫️ Хариулт
Нөгөө талд хэргийн гол эзэн гэгдэж буй УИХ-ын дарга 2 цаг гаруй ярихдаа холбогдсон хүмүүсийг танихгүй, гэр бүл нь уул уурхай, тэр тусмаа нүүрстэй холбоотой бизнес хийдэггүй гэхээс өөр онц хариулт хэлээгүй. Товчхондоо хамаарал байвал шалга, баригдвал хорь хэмээлээ. Харин ярианыхаа дийлэнх хугацаанд нам доторх хов, зөрчил, 2 намын даргатай байх санал гэхчлэн МАН-ын дараагийн даргын төлөөх зодооныг л хөндсөн юм.
Эцэст нь… Ямар ч зорилготой байсан уг асуудал эрх баригч намын дотоод зөрчилд дарагдах ёсгүй. Нүүрсний гэрээнээс гадуур үлдсэн хувь хэний халаас руу явсан, үнэхээр $10 тэрбумын алдагдалтай гэрээ байгуулсан нь үнэн эсэх, үнэн бол хэнд хариуцлага тооцох ёстойг шалгах ёстой. Нүүрсний үнэ уналаа, эдийн засаг хэцүүдлээ гэж бүтэн жил ярьсан хэр нь эрх баригчид өөрсдөө нүүрсээ үнэгүйдүүлсэн гэрээ хийсэн гэх. Аймшигтай… 😬