Монголын хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй спортын нэг сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лиг эхлэхэд ердөө 5 өдөр үлджээ. Ирэх улирлаас онцлох зүйлс юу байна?
⚡️ Шинэ улирал
Дуулиан шуугиан ихтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд Хөгжлийн лигээс Ховд Шонхорууд, Chi Forest Mongolians багууд дэвшин орж ирээд байна. Мөн энэ жилээс багууд бүрэлдэхүүндээ нэг Ази импорт тоглогч авах болсноор нэг багт байх гаднын тоглогчдын тоо 3 болжээ. Энэ бүгдээс харахад лигийн өрсөлдөөн өмнөх жилүүдээс илүү ширүүхэн болох нь дамжиггүй.
💥 Ширүүн өрсөлдөөн
Энэ улиралд Үндэсний Дээд Лигийн 10 баг нийт 50 орчим тоглогчийг шинээр эгнээндээ нэгтгэсэн бөгөөд тамирчдын шилжилт хөдөлгөөн болон бусад онцлох зүйлсийг дурдвал:
Драфтын №1: Драфтын тэргүүн сонголтоор Chi Forest Mongolians баг Б.Энх-Амарыг сонгосон ба драфтын дараа түүнийг Бишрэлт Металл багийн түлхүүр тоглогчдын нэг Б.Сүхбатаар сольжээ.
₮2.5 тэрбум: Сэлэнгэ Бодонс баг Монголын 3х3-ийн шигшээ багийн 5 тамирчдыг эгнээндээ нэгтгэж, тус тамирчдын гэрээний нийт үнийн дүн ₮2.5 тэрбумд хүрэв.
$2.5 сая: Өнгөрсөн улирлын аваргууд болох Хасын Хүлэгүүд баг Азийн Аваргуудын Лигт хүрэл медаль хүртсэн бөгөөд ирэх 10-р сард $2.5 саяын шагналын сантай Зүүн Азийн Супер Лигт тоглох аж.
Супер одын 2 дахь жил: Энэ улиралд Сэлэнгэ Бодонс багт цагтаа NBA-г шуугиулж явсан Демаркус Казинс дахин нэгдэж, Playoff-н үеэр Монголд ирэхээр болжээ.
💸 Шинэхэн спонсор
Багийн санхүүжилтэд ивээн итгэгчдийн оролцоо асар чухал. Шинээр энэ улиралд Омни Капитал ББСБ Эрдэнэт Майнерс багтай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, тус багийн нэр Омни Эрдэнэт Майнерс болов. Сэлэнгэ Бодонс багийн хувьд Интермед эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, мөн Монложистикс Холдинг (MLG)-той ₮500 саяын үнийн дүнтэй гэрээ үзэглэжээ.
Эцэст нь… Зөвхөн эрэгтэй лиг гэхэд ийм олон сенсацтай үйл явдлууд болоод өнгөрлөө. Магадгүй дараагийн удаа эмэгтэй лигийг онцолж болох юм. Манай лимонууд аль багийг дэмжих гэж байна? 👀