Ерөнхий сайдын “Айл бүрд морин цагт шинэ сууц руугаа нүүх баярт өдөр тохиох хүртэл тууштай ажиллах” амлалтыг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлнэ.
🤔 Төлөвлөгөө өөрчлөгдсөн
ЗГ анхандаа Төрийн банк (SBM)-ийг түшиглэж ипотекийн зээлийг санхүүжүүлэх тусгайлсан банк байгуулахаар ярьж байсан ч төлөвлөгөөгөө өөрчилж, Ирээдүй өв сангаас 50%, гаднын банкнаас 25%, арилжааны банкнаас 25%-ийн санхүүжилт гаргах бүтэцтэйгээр ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
😛 Илүү хямд орон сууц: Мөн өнгөрсөн хугацаанд олгосон ₮9.9 их наядын ипотекийн зээлийн 53.9%-ийг сарын орлого нь ₮2.5 сая хүртэлх орлоготой өрх авсан. Үлдсэн нь түүнээс дээш орлоготой иргэд авсан буюу ипотекийн зээл зорилтот зээлдэгчдэд хүрэхгүй байгаа асуудлыг ч шийдэх аж.
☝️ Ингэхдээ ЗГ гэр хорооллын айл өрхүүдийн орлогод нийцсэн орон сууц барих буюу орон нутаг, нийслэлийн гэр хорооллын бүсэд баригдах орон сууцуудад хөнгөлөлттэй зээл олгохоор ярьж буй.
🤕 Ахин нэг гажуудал
ЗГ-ын Ирээдүйн өв санд хуруу дүрэх зөвтгөл нь санд төвлөрсөн $1.3 тэрбумыг гаднын банканд 3%-ийн хүүтэй буюу маш бага өгөөжтэй хадгалуулж байгаа тул 50%-ийг нь дотооддоо эргэлдүүлэх нь илүү дээр гэх логик.
🤔 Угтаа энэ ажлыг хуримтлалын сан хийж байгаа буюу энэ онд тус сан, Монголбанк, банкнуудын эх үүсвэрээр ₮1.2 их наядын зээл гаргахаар тооцоолсон. Сангийнх нь мөнгө татарсан уу, багадсан уу, дараагийн сан руугаа орох төлөвлөгөөгөө хэдийнээ бэлджээ.
🫧 Орон сууцны зах зээл хөөсөрсөөр
Үүнийг сайнаар бодоод ипотекийн хүртээмж нэмэгдлээ гэхэд манай улсад орон сууц худалдан авах чадвар болон орлогын зөрүү хэт их. ОУ-д өрхийн медиан орлого болон орон сууцны медиан үнийн харьцаа 3 байвал орон сууцны үнэ өрхийн орлогод тохиромжтой гэж үздэг. Харин манайд тус үзүүлэлт 7.8. Орон сууц худалдан авах чадвар сул нэмээд орон сууцны үнэ нь улирал бүр 2 оронтой хувиар өсдөг Монгол шиг улсын хувьд ипотекийн санхүүжилт нэмэгдэх сураг орон сууцны үнийн хөөргөдлийг улам өрдөж, хөөсрөл бий болгоход ойрхон байна.
Эцэст нь… Үе үеийн ЗГ-уудын сангаас сан дамжиж иргэдээ халамжилдаг бодлого улс төрийн номлол мэт үргэлжилж байна. Ирэх баригчид дараагийн сонгуульдаа бэлдэж, иргэн бүрийг байртай болгох кампанит ажлаа эхлүүлэв гэлтэй. PR нь цөмрөх вий дээ. Сонгуулийн өмнөх сууцжуулах төлөвлөгөө