Хүссэн дуу, хөгжмөө цаг тухайд нь сонсож чаддаггүй байсан түүх ард хоцорч хүн бүхэн дуртай дуугаа олон янзын стриминг платформоос сонсох боломжтой болжээ. Үүнээс гадна Монгол хөгжмийн платформууд ч олшров. Өнөөдөр хэдүүлээ энэ зах зээлийг уудлаад үзье.
👀 Бизнесийн цар хүрээ
Өнгөрсөн онд хөгжмийн стриминг платформын орлого анх удаа $20 тэрбумд, төлбөртэй хэрэглэгчдийн тоо 752 саяд тус тус хүрчээ. Тус зах зээлийн томоохон тоглогч нь 276 сая төлбөртэй хэрэглэгчтэй Spotify (SPOT) бөгөөд тэд үүсгэн байгуулагдсанаас хойш 19 жилийн хугацаанд анх удаа 2024 онд €1.1 тэрбумын ашигтай ажиллаж байв.
💰 Зардал их: Гайхаж магадгүй ч хөгжмийн платформын бизнес зардал өндөртэй. Шалтгаан нь уран бүтээлчдэд хуваарилах төлбөртэй холбоотой байдаг буюу ихэнх хөгжмийн платформууд орлогынхоо 70%-90%-ийг уран бүтээлчдэд хуваарилдаг байна.
🎧 Монгол платформ
Манай хөгжмийн зах зээлд саяхан sonsy хэмээх платформ нэвтэрч идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хөгжмийн платформын тоо 3 болж нэмэгдлээ. Үлдсэн 2 платформ нь 2021 онд байгуулагдсан Mmusic болон өнгөрсөн жил нээлтээ хийсэн MyArtist аж.
👨🏻💼 Хэнийх юм бэ? MMusic нь М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай бол sonsy Монгол контент ХХК буюу толгой компани нь Мобиком групп гэнэ дээ. Том зургаар томоохон группүүдийн оролцоо энэ салбарыг амь оруулж байгаа мэт…
🔎 Хэд юм бэ? MyArtist-н хувьд сонсохыг хүссэн уран бүтээлчийн дууг худалдан авч сонсох боломжтой бол нөгөө 2 нь стримингийн зарчмаар ажилладаг. Үнийн хувьд 1 сарын үйлчилгээний эрх MMusic дээр ₮9,900, sonsy дээр ₮6,900-өөр худалдаалагддаг аж.
Эцэст нь… App Store дээр хөгжмийн ангилалд тэргүүлж буй 10 апп-ийн 3 нь л албан ёсны төлбөртэй апп байгаа буюу хэрэглэгчдийн дунд дуу, хөгжмийг үнэгүй сонсох хандлага өндөр байна. Нөгөөтээгүүр мөнгө төлж дуу сонсох нь оюуны өмчийн эрхийг хамгаалах, уран бүтээлчдээ дэмжих нэг хэлбэр шүү.