Монголд ХК буюу нээлттэй компани байх утга учир алдагдсаар. Хөшгөө хааж нээдэг шиг нэг мэдэхэд ХК болж, гэнэт буцаад хаалттай компани болох. Нэмээд төрийн өмчид компани (ТӨК)-иудын реформын яриа газар авлаа. Энэ асуудал дээр яагаад хянуур хандах ёстойг жишээгээр харъя.
😶🌫️ 14 жилийн өмнөх IPO хийх мөрөөдөл
Монголын төмөр зам ТӨХК (MTZ) 2008 онд байгуулагдаж. Төмөр замын дэд бүтэц барих, төмөр замын тээвэр хийх чиг үүрэгтэй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч Тавантолгой төмөр зам ХХК, Монголиан порт групп зэрэг 5 хараат, охин компанитай аж. Тэд байгуулагдсанаасаа хойш ердөө 3 жилийн дараа буюу 2011 онд McKinsey-н дэмжлэгтэйгээр олон улсад IPO хийнэ гэж шуурч байв. Гэтэл одоо яав?
🥶 Дүнгэн данган: Хэдий компани тус ондоо багтаж ОУ-ын тавцанд гарах мөрөөдлөө орхисон ч 226,000 ширхэг хувьцаагаа МХБ (MSE)-ийн үнэт цаасны жагсаалтад бүртгүүлжээ. Бүртгүүлсэн зорилго нь ойлгомжгүй. Одоо бол арилжаалагддаг ч үгүй, хувьцааны үнэ нь ч харагддаггүй, бүртгэлээс хасагдах нөхцөлтэй компаниудын жагсаалтад орчихсон цохиж явна.
‼️ Алдаатай, оноотой: Тэдний ашигт ажиллагааг алдаг оног гаргадаг санхүүгийн тайлангаас нь харвал 2014 оноос хойш алдагдал хүлээж^2 2017 онд ₮2.4 тэрбумын ашиг олж эхэлжээ. Гэвч ашигт ажиллагаа тогтворгүй явсаар Ковид-19-ийн дараа буюу 2023 оноос л сайжирч эхэлсэн аж. Харин энэ оны II улирлын байдлаар дахиад л ₮1.3 тэрбумын алдагдал хүлээжээ.
Эцэст нь… МХБ дээр бүртгэлтэй төрийн өмчит компаниуд бишгүй олон. Одоо реформоор нэмэх гээд байгаа компаниуд дунд Монголын төмөр замын нэгэн адил алдаг оног тайлантай, алдагдалдаа дарагдсан компаниуд цөөнгүй. Хөрөнгийн зах зээл итгэлцэл дээр суурилдаг. Ядах нь ээ Монголчууд нь хувьцааг нь худалдаж авах хүсэлтэй, IPO хийж байгаа компани нь ил тод зарладаг байх нь наад захын шалгуур. Унтаа, утаа ХК-ийн тоог битгий нэмээсэй.