Хосын харилцаанд хайр халамж мэдээж чухал. Харин улс орны хувьд халамж ихдээд байна уу, багадаад байна уу? Хэдэн тоо харъя аа!
💥 15 жилд 51.6 нугарав
2010 оны эхний 8 сарын байдлаар нийт 1.1 сая иргэнд ₮31.5 тэрбумын халамж олгож байж. Үүний 53.7% нь тэтгэвэр, тэтгэмж, 30.3% нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, үлдсэн хэсэг нь асаргааны тэтгэмж байсан аж. Үүнээс 8 жилийн дараа буюу 2018 онд халамж хавтгайрч халамжид хамрагдагчдын нийт хүн амд эзлэх хувь 2010 оныхоос 17 нэгж хувиар нэмэгдэж 56.3% болсон байна. 10 хүн тутмын 5 нь хэдийн халамж авдаг байсан гэсэн үг шүү дээ. Харин одоо нийт халамжийн хэмжээ 15 жилд 51.6 дахин нугарчээ хөөрхий.
🔻 Жижиг бууралт том өсөлт: Уг нь бол энэ оны 8-р сарын байдлаар нийт халамжид хамрагдагчдын тоо 4.1% буурсан байгаа юм. Гэхдээ том зургаар нь буюу 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.2 дахин өссөн аж. Өөрөөр хэлбэл тухайн үед 10 хүн тутмын ердөө 4 нь халамж хүртдэг байсан бол одоо энэ тоо 7 болжээ гэж.
🧐 Зөв ажилладаг бодлого уу?
Уг нь бол халамжийн бодлого нь орлого, боломжийн ялгааг тодорхой хэмжээнд бууруулж, ядуурлыг сааруулах, хүн бүрийн үндсэн хэрэгцээг хангаж ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх, халамжийн мөнгө эргэлтэд орж, дотоодын хэрэглээг дэмжих, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих зэргээр эдийн засагт эергээр нөлөөлөх ёстой.
📌 Гэтэл бодит байдал дээр бидний ядуурал буурч, худалдан авах чадвар сайжирч, бүтээмж нэмэгдсэн үү гэвэл эргэлзээтэй. Учир нь 2016 онд 29.6% байсан ядуурлын түвшин одоо ч хадгалагдаж байгаа буюу 27% байгаа. Өрхийн 1 сарын орлого зардлаа давдаггүй байсан нь одоо ч хэвээр.
Эцэст нь… Улс орон бүр халамжийн бодлоготой, түүндээ мөнгө зарцуулдаг байх нь зүйн хэрэг. Гэхдээ халамжийн хэмжээ, хамрах хүрээг тэлэхээс илүүтэй түүний нөлөөг нэмэгдүүлэх нь чухал. Бидэнд оновчтой байндаа тусдаг халамжийн бодлого одоо ч хэрэгтэй байна.