Цагтаа дотоодын хөрөнгө оруулагчдын зүрх сэтгэлийг хамгийн их булаасан крипто зах зээл анхаарлын төвөөс гараад багагүй хугацааг өнгөрөөлөө. Одоо эргээд амь орох цаг нь ирсэн болов уу?
🪙 Салбарын байдал
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт бүртгэлтэй харилцагчдын тоо 2023 оны мөн үеэс 23.9% буурч 694.2 мянгад хүрсэн бол идэвхтэй арилжаачдын тоо 5.6 дахин буурч 15.2 мянгад хүрээд буй. Үүнээс Ковидын дараах крипто халуурлын үе зогсоод буйг харах боломжтой. Нөгөөтээгүүр, крипто зах зээлд олон нийтийн хэрэглээнд нийцсэн тоотой хэдэн койн, токен ашиглагдах болжээ.
📊 Арилжааны мэдээ: Хамгийн сүүлийн мэдээллээр бүртгэлтэй 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан нийт 440 криптовалют арилжаалагдаж байгаагаас 37 нь дотоодын криптовалют аж. Мөн дотоодын криптовалютын арилжааны хамгийн их буюу 55.8%-ийг idax бирж дангаараа бүрдүүлж байна.
🤌🏻 Хэрэглээний хэд
Олны хэрэглээнд ашиглагдаж буй криптовалютиудыг харвал, Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) болон түүний хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад олгогддог ARDX, төлбөр хуваан төлөхөд хуваарилагддаг Storepay-н SPC, арилжаа хийх үед харилцагчдадаа тараагддаг Coinhub-н CHB болон Trade.mn-н TRD нар бий.
🐺 Анхдагчийн эргэн тойронд: Өнгөрсөн хугацаанд Ард Даатгал (AIC) нь 131.9 мянган даатгуулагчдадаа ₮536.8 ₮600 саятай тэнцэх ARDX-н урамшууллыг олгоод байна. Зах зээл дээрх ARDX-н үнэ 2024 оны мөн үеэс 137% орчим өсөж ₮35-т хүрсэн бөгөөд анх 5.1 тэрбум ширхэг гарч байсан бол өдгөө 4.5 тэрбум ширхэг койн зах зээл дээр арилжаалагдаж байгаа аж.
Эцэст нь… Сүүлийн нэг жилийн хугацаанд олон улсад Биткойн (BTC) болон Эфериум (ETH) гэх мэт томоохон койнууд бүх цаг үеийн дээд үнээ шинэчилж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд ороод байгаа бол Монголд дотоодын дийлэнх койн, токенууд анир чимээгүй оршсоор байна. Эдгээрээс тунаж үлдсэн нь ARDX бололтой шүү. Учир нь зарим нэг байгууллагууд ARDX ашиглан төлбөр тооцоогоо хийж байгаа сурагтай. Удахгүй зарлах байх аа. 🫢