Монголын анхны бизнес, хөрөнгө оруулалтын цахим товхимол мэндэлснээс хойш 5 жил өнгөрлөө. Энэ хугацаанд Lemon Press ямар үнэ цэн бүтээв?
💌 Шинэ соёлоос дадал руу
Бид ажлын өглөө бүрийн 7 цагт товхимол илгээсээр нийт 1,134 дугаар гаргажээ. Бизнес, хөрөнгийн зах зээл, эдийн засгийн ойлголт, мэдээ мэдээллийг энгийн ойлгомжтой шинэ өнгө аясаар хүргэдэг болсноос хойш манай 38 мянган уншигч өглөө бүр товхимол уншдаг дадалтай болсон байна. Үүнээс улбаалан Монголд товхимлын шинэ соёл дэлгэрч, олон шинэ товхимол төрөн гарсан билээ.
⏳ 1,134 дугаар: Хэрэв бид өөрсдийн гаргасан бүх товхимлыг нэгтгэж ном болгон хэвлэвэл ойролцоогоор 5.5 мянган хуудастай ном болох нь. Уншигч та бүхний болон үе үеийн хамтрагчдын дэмжлэг бидний тууштай амжилтыг бий болгожээ.
🎥 300+ видео: Мөн бид хэрэгцээтэй, чанартай видео контент хүргэхийг зорьж хэдийн өөрсдийн брэнд цувралуудыг бүтээв. Манай баг өөрсдийн редакцын бодлогын дагуу бүхий л контент, бүтээлдээ хараат бус, энгийн ойлгомжтой, хэрэгцээт байх зарчмыг баримталсаар 210 мянга гаруй дагагчтай болсон байна. Энэ тоо сүүлийн 2 жилд л гэхэд 29% өссөн аж.
🇲🇳 Өргөн цар хүрээ: Бид Lemon Press-н вэбсайт дээрээ 2.2 мянга гаруй хэрэгцээт нийтлэл гаргаснаас гадна Монголын соёл, үйл явдал, хөрөнгийн зах зээлийг гадагш гаргах зорилгоор Inside Mongolia сувгийг үүсгэсэн нь өдгөө сошиал орчинд 23 мянган хүнд, имэйлээр 5 мянган хүнд хүрч байна.
📈 Стартапаас компани руу
Өнгөрсөн хугацаанд бид давхардсан тоогоор 497 байгууллагатай хамтран ажилласан байна. Энэ туршлагаас бид итгэлцэл, ил тод, мэргэжлийн байдлыг сурчээ. Өөрөөр хэлбэл, бид стартапийн дүрмийн дагуу эхлээд өөрсдийн өнгө төрхөө тодорхойлж, зах зээлд танигдаж, уншигч, үзэгч, дэмжигчтэй болж, үүнийг дараа өөрсдийн байр сууриа бий болгосон байна.
🍋 LP нөлөө: Бид хөрөнгийн зах зээл, бизнесийн талбарын болох, болохгүй байгаа нарийн ширийнийг мэдээлэх, цаашлаад буруу жишгийг зөв голдирол руу чиглүүлэхэд нөлөөлөхөөр ажиллаж байна. Энэ хүрээнд бид контент хийхээс гадна янз бүрийн хамтын ажиллагаа, уриалга, санамж зөвлөмж гаргадаг билээ.
Эцэст нь… Өнгөрсөн 5 жил өсөлт, тэлэлтийн он жилүүд байлаа. Цаашид ч бид өөрсдийн бүтээсэн зарчим, бодлогын дагуу, хараат бусаар хөрөнгө оруулагч, уншигчдад хэрэгцээтэй, ойлгомжтой контентуудыг хүргэсээр байх болно. 5 жил бидэнтэй хамт байсан уншигч, дэмжигч та бүхэндээ баярлалаа.