Өнгөрсөн Лхагва гарагт Доналд Трамп Их Британид 2 дахь удаагаа айлчилж, Их Британийн ЗГ-ыг өөрийн улсын технологийн томчуудтай холбосон томоохон хэлэлцээр хийлээ.
🌊 Атлантын далай дамнасан түншлэл
Америк болон Их Британи $42 тэрбумын дүн бүхий 2 орны AI, квант тооцоолол, цөмийн эрчим хүчний харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой “Технологийн хөгжил цэцэглэлтийн хэлэлцээр" байгуулаад буй. Их Британи хөрөнгө оруулахаар амласан компаниудын жагсаалтыг харвал BlackRock (BLK), Black Stone Minerals (BSM), Microsoft (MSFT), Google (GOOG) титануудын нэр явж буй. Зүгээр л солиотой.
🤫 Хариуд нь юу өгөх вэ? Их Британи Америкийн технологийн компаниудад тавьдаг хатуу зохицуулалтаа зөөлрүүлэх ёстой. Үүний сацуу Их Британийг дижитал үйлчилгээний 2%-ийн татвараа бууруулах, аль эсвэл бүр байхгүй болгох санаархал ч бий.
😏 Учир нь Их Британи технологийн компаниудын ашигт бус орлогод нь 2%-ийн татвар ногдуулдаг учраас хэдий бага хувийн татвар тогтоосон мэт харагдах ч компаниудад дарамт болдог гэнэ.
Сүүлийн жилүүдэд Их Британийн Зах зээл, өрсөлдөөний газар $GOOG, Meta (META)-н үйл ажиллагаанд идэвхтэй хяналт тавьж, зарим гэрээг хориглох тохиолдол нь ихэссэн. Хэрэв Америк санасандаа хүрвэл технологийн компаниудынх нь хөлийг тушсан зохицуулалт байхгүй болно гэсэн үг.
🤩 Хөрөнгө оруулалт + Эдийн засгийн өсөлт
Трампын айлчлалыг дагалдан технологийн томчууд Их Британид цугласан бөгөөд хэлэлцээрийн хүрээнд эхнээсээ $MSFT гадаад дахь хамгийн том хөрөнгө оруулалтаа тус улсад хийж $30 тэрбумаар хөрөнгө оруулахаар болсон. Мөн Nvidia (NVDA)-н CEO Женсен Хуан уг хөрөнгө оруулалттай холбоотойгоор Их Британийг AI супер гүрэн болно хэмээсэн юм.
🤛 Хөгжүүлнэ: Их Британи AI-н судалгаагаараа бусад улсад хэдэн алхам урд алхаж яваа ч дэд бүтцээ угсарч чадаагүй. Тиймээс тус чиглэлд $NVDA Их Британийн дэд бүтцийн компани Nscale-тай хамтран ажиллахаар болов.
Эцэст нь… Энэ сарын эхээр Доналд Трамп технологийн боссуудыг цуглуулж, улс орондоо хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадах ам мөчгийг нь авч байсан. Трампийн шахалтаар технологийн титануудын улсдаа хийж буй хөрөнгө оруулалт ч асар их нэмэгдэж байна. Яг энэ аргаа дипломат харилцаандаа ч ашиглаж байна. Тактик гэж…