Улаанбаатарын утаа учиртай, түгжрэл багатай байх тэр цагт ихэнх хүүхдүүд 10 жилээ төгссөнийхөө дараа дотоодын их, дээд сургуульд элсэн ордог байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хандлага эрс буурчээ. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд 2 төгсөгч тутмын 1 нь л дотоодын их, дээд сургуульд элсэн орсон аж.
🐪 Ботго улаан номд орох уу?
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд 35.5 мянган суралцагч 12-р ангиа төгссөнөөс 18.3 мянга буюу нийт төгсөгчдийн 51.5% нь дотоодын их, дээд сургуульд элсжээ. Энэ нь 2015-2016 оны хичээлийн жилээс 27.8 нэгж хувиар буурсан дүн юм. Өөрөөр хэлбэл, төгсөгчид Монголдоо бакалаврт сурахаас илүүтэй завсар жил авах, гадаадад суралцах, хөдөлмөр эрхлэхийг илүүд үздэг болсон хэрэг.
🔎 Хачирхалтай тоонууд
Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуульд 117.3 мянган оюутан суралцсанаас хамгийн түгээмэл мэргэжлийн чиглэл нь эрх зүй ба 10.2 мянган оюутан суралцсан аж. Харин хамгийн цөөн нь хөдөө аж ахуйн кибернетик чиглэл бөгөөд ердөө 1 оюутан суралцжээ. Үүнээс гадна өөр хачирхалтай тоонуудыг хуваалцвал:
93.3%: Нийт бакалаврын түвшний оюутны 93.3% буюу 109.5 мянга нь Улаанбаатарт суралцдаг.
63.2 мянга: Бакалаврын түвшний оюутнуудын 54% нь төрийн өмчит сургуулийн оюутнууд аж.
64.5%: 2024-2025 онд төгссөн бакалаврын түвшний оюутнуудын 64.5%-ийг эмэгтэйчүүд эзэлжээ.
🔻 Еэвэнгийн нөгөө тал: Гадагшаа гоожилт
Гадаад улсад суралцах зорилгоор Монголыг орхиж буй хүмүүсийн тоо жилээс жилд олширч 2015-2024 оны хооронд 214.7 мянгад хүрсэн байна. Үүнд бакалаврын түвшний оюутнууд бишгүй хувийг эзэлнэ. Энэ хэмжээгээр боловсон хүчин болон эцэг эхчүүдийн хуримтлал гадагш урсаж буй. Дотоодын боловсрол нь чанартай сан бол бүгд Монголдоо үлдэх байсан биз ээ.
Танд үлдээх асуулт: Монголын боловсрол секси болж чадах уу? Хэрэв тийм бол яаж?