Дэлхийн энтертайнмент салбарын акулын нэг Paramount Skydance (PSKY) нөгөө акул Warner Bros. Discovery (WBD) худалдаж авахаар зэхэж байна. Ингэхдээ бүр 2 дахин бага үнэлгээтэй акул нь нөгөө том акулаа авах гэж байна гээд л бод.
🌹 Татгалзах аргагүй санал
Өнгөрсөн оны 7-р сард Paramount болон Skydance нар нэгдэхээр болж бүтэн нэг жил нэг сарын дараа гэрээ эцэслэгдсэн. Үүний дараа $PSKY нь $WBD-г худалдаж авахаар төлөвлөж эхэлжээ. Сонирхолтой нь, $PSKY-н зах зээлийн үнэлгээ $20.6 тэрбум бол $WBD-н үнэлгээ $46.7 тэрбумаар хэмжигдэж байна. Одоогоор $PSKY-н санхүүгийн нөхцөл байдал хүндхэн ч дэлхийн тэргүүн баячуудын нэг Ларри Эллисон тус нэгдлийг бүтээхэд туслалцаа үзүүлнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ.
💰 Аавын мөнгө: Яагаад Ларри Эллисон хаа хамаагүй 2 компанийн нэгдэлд оролцдог билээ гэж гайхах хэрэггүй. Ларри Эллисоний хүү Дэвид Элиисон нь $PSKY-н CEO бөгөөд тэрээр Top Gun: Maverick, Mission: Impossible - Fallout гэх мэт 71 орчим кинонд продюсероор ажилласан нэгэн аж.
📈 Хэн хэндээ ашигтай: Тус мэдээний дараа $PSKY-н нэгж хувьцааны үнэ 15.6% өсөж $17.5-т хүрсэн бол $WBD-н нэгж хувьцааны үнэ 29% нэмэгдэж $16.2-т хүрсэн аж. Үүнээс харахад, хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолд нийцсэн нэгдэл болох талтай.
👊🏻 Том мэдээтэй 2025
Дуулиант мэдээг ар араас нь гаргаж буй $PSKY саяхан холимог тулааны томоохон тэмцээн UFC-тэй 7 жилийн $7.7 тэрбумын үнийн дүнтэй гэрээ хийсэн болон видео тоглоом сонирхогчдыг байлдан дагуулж ирсэн Call of Duty тоглоомын киног бүтээхээ зарлаад байна. Харин $WBD-н энэ жил нээлтээ хийсэн 7 кино дараалан нээлтийн долоо хоногтоо $40 саяас дээш орлого олсон том амжилт үзүүлээд буй.
Эцэст нь… Энэхүү үйл явдлыг энтертайнмент салбарын өрсөлдөөнөөс харвал “миний дайсны дайсан миний найз” гэдэг үгээр тайлбарлаж болно. Энэ салбарын бусад өрсөлдөгчид болох Netflix (NFLX), Disney (DIS) нарт тус мэдээ яаж туссан бол… 🫢