Энэ онд эдийн засаг 6.3% өсөх төлөвтэй байгаа. Энэ өсөлтийн тэн хагас нь уул уурхайн салбартай шууд холбоотой. Ирэх 10 жилд ч эдийн засаг уул уурхайгаас асар хамааралтай хэвээр байна. Тэгвэл энэ хугацаанд дорвитойхон өөрчлөлт хийхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
⛏️ Гол салбар
Улс орын эдийн засаг урт хугацаанд, тогтвортой хөгжихөд эдийн засгийн төрөлжилт, хоорондын уялдаа холбоо чухал нөлөөтэй байдаг. Гэсэн ч манайх шиг уул уурхайд түшиглэсэн буюу тэргүүлэх ганцхан салбартай оронд салбар доторх төрөлжилт, тогтвортой байдал юу юунаас илүү чухал асуудал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт уран, нүүрсний давхаргын метаны хий, газрын ховор элемент, лити гэхчлэн томоохон төслүүд хэрэгжиж буй нь сайн.
🐢 Мөлхсөөр: Гэсэн хэдий ч шинэ төслүүдийн явц дэлхийн хурдаас хэдэн шат хойгуур яваа гэдгийг анхаарах хэрэгтэй.
🆚 Потениаль ба шүүмжлэл
“Потенциальтай хүүхэд, даанч залхуу” гэдэг шиг ГХЭ-ийн нөөцөөрөө Хятадын араас 2-рт бичигдэж, дэлхийн нийт нөөцийн 16%-ийг эзэлж байгаа ч ганц байгаа төсөл нь улс төрөө даахгүй яваа. Энэ хооронд дэлхийн ГХЭ зах зээл жилд 5.8%-12.8% өссөөр 2030 он гэхэд тус зах зээлд $6 гаруй тэрбум эргэлдэх төлөвтэй. Ер нь Монголын ГХЭ-ийн хөгжил хаана явж байна?
🅿️ Халзан бүрэгтэй төсөл: Тус төсөл бол хайгуул, судалгааны ажил нь хамгийн ахицтай явж буй төсөл. Өнгөрсөн онд урьдчилсан ТЭЗҮ-гээ дуусгаж, энэ онд нарийвчилсан ТЭЗҮ-гээ боловсруулах шатандаа ороод буй.
🙌 ГХЭ-ийн судалгааны төв: Өнгөрсөн жил Өмнөд Солонгостой хамтарч ГХЭ судалгааны төвтэй болохоор яригдаж байсан бол судалгааны төв нь 11-р сард нээгдэх төлөвтэй байгаа. Тус төв Монголын ГХЭ-ийг шинэ шатанд гарахад чухал нөлөө үзүүлэх нь лавтай.
Эцэст нь… Экспортын 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80%-ийг эзэлж буй уул уурхайн салбарыг төрөлжүүлэх төслүүд нь удаашралтай, нэмээд санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоох тохиолдол олширч байна. ГХЭ, лити гэхчлэн дэлхийн эрчим хүчний ирээдүй гэгдэж буй төслүүдээ урагшлуулахгүй бол өрсөлдөөн ширүүсэх тусам бидний гүйцэж очих магадлал хожимдох эрсдэлтэй.