Олон улсад “September Effect” гээд 9-р сард индексүүд модноос унах шарласан навч шиг унадаг бол манай ТОП-20 индекс маань 1.2% өсдөгийг анзаарсан уу?
🎨 Намрын өнгө
Сүүлийн 13 жилд ТОП-20 индекс 9-р сард 7 удаа өсөж, 6 удаа буурсан нь манай Хөрөнгийн зах зээл “September Effect”-д төдийлөн өртдөггүйг харуулах аж. Гэсэн ч энэ жил нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй. Учир нь ТОП-20 индекс өчигдрийн байдлаар оны эхнээс 5.5% унаж 48,633.6 нэгжид хүрсэн бөгөөд эхний 8 сарын талд нь ТОП-20 индекс унаад байна.
🚩 Улаан сар: Манай ХЗЗ-д жинхэнэ “September Effect” 3 болон 5-р саруудад тохиодог бололтой. Тухайлбал, ТОП-20 индекс 3-р сард дунжаар 2.6%, 5-р сард 2.5% тус тус буурдаг аж. Харин хамгийн өндөр өсөлттэй нь 12-р сар ба ТОП-20 индекс дунджаар 6.7% өсдөг гэнэ.
🏷️ Зарах бол 9-р сар
Жил бүрийн 9-р сард олон улсын томоохон индексүүд унадаг нь хорвоогийн жам мэт. Харин энэ 9-р сар олон улсад өмнөх жилүүдээс ч илүү уналттай эхэлж, Америкийн голлох 3 индекс дунджаар 1.5% буураад байна. 9-р сарын уналтад хөрөнгө оруулагчдын зан төлөв ихээхэн нөлөөлдөг ба намрын эхэн сард хөрөнгө оруулагчид багцаа шинэчлэх, жилийн эцсийн татварын зардлаа буурах зорилгоор хувьцаагаа зарах хандлага ажиглагддаг.
🌿 Ногоорч дуусах уу? Ойрын хугацаанд Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаа төдийгүй томоохон компаниуд бишгүй ашигтай ажиллах магадлал өндөр байгаа нь энэ удаагийн 9-р сарыг өмнөх жилүүдээс илүү өсөлттэй хаагдахад нөлөө үзүүлэх талтай.
Эцэст нь… Манай хөрөнгө оруулагчдын хувьд 9-р сар нь тийм ч муу сар биш аж. Харин 3 болон 5-р саруудад хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарах хандлага өндөр ажиглагдаж байна. Хөнгөнөөр хэлбэл, хаврын салхи хавирга нэвт гэдэг шиг хавар компаниудын хувьцаа доошоо хэвт гэдэг л болдог бололтой. 🥲